Я.Синнер анх удаа Уимблдонд түрүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2025-07-14 12:49:29

ЛОНДОН, 2025 оны долоодугаар сарын 14 /BBC/. Дэлхийн чансааг тэргүүлэгч, Италийн теннисчин Янник Синнер Уимблдоны тэмцээний финалын тоглолтод Испанийн теннисчин Карлос Алькарасыг хожлоо.


Шувтаргын тоглолт дөрвөн сэт үргэлжилж, Я.Синнер дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж буй К.Алькарасыг 4:6, 6:4, 6:4, 6:4 гэсэн харьцаагаар хожжээ. Тэдний тоглолт 3 цаг 4 минутын турш үргэлжилсэн байна. 


Я.Синнер анх удаагаа Уимблдоны тэмцээнд түрүүллээ. Энэхүү тэмцээний финалд тэрбээр анх удаагаа шалгарсан бөгөөд өмнө нь 2023 онд хагас шигшээд шалгарсан амжилт үзүүлж байв. Я.Синнер мөн Уимблдоны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд түрүүлсэн Италийн анхны теннисчин боллоо. Италийн теннисчдээс Маттео Берреттини 2021 онд тэмцээний финалд шалгарч байсан боловч Сербийн теннисчин Новак Жоковичид хожигджээ. 


Харин К.Алькарас 2022 оноос хойш анх удаагаа Уимблдонд хожигдлоо. Тэрбээр 2023, 2024 онд тус тэмцээнд дараалан түрүүлж, шувтаргын тоглолтуудад Их дуулгын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд хамгийн олон удаа түрүүлсэн рекордыг эзэмшигч Н.Жоковичийг хоёр удаа хожиж байсан юм.


К.Алькарас хамгийн сүүлд 2022 онд Уимблдоны дөрөвдүгээр тойргийн тоглолтод Я.Синнерт хожигдож байв. 


Я.Синнерийн хувьд Уимблдоны финал нь Их дуулгын дөрвөн тэмцээний финалд дараалан шалгарсан амжилт боллоо. Тэрбээр өмнө нь АНУ-ын нээлттэй тэмцээн, Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлсэн бол Францын нээлттэй тэмцээнд К.Алькараст хожигджээ. 


Уимблдоны аварга болсон Я.Синнер 3 сая фунт стерлингийн шагнал хүртэх бол К.Алькарас 1.52 сая фунт стерлингийн шагнал авна.


Related news