ДОРНОГОВЬ: Говийн малчин гүүгээ барьж айргаа исгэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны долоодугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Улаанбадрах сумын малчин Д.Дашдондовынх Сайншандаас хойш 10-аад км-т зусаж, гүүгээ барьж айргаа исгэж байна.
Энэ жил говь нутгийн зарим газарт хавар цас орсноор газарт чийг өгч, эрт ногоо ургаж мал ногоонд цаджээ. Тэднийх 20 гаруй гүү барьж өдөртөө 60 литр сүү сааж айргаа исгэж байна.
Говь нутагт гүүний айраг исгэж байгаа
малчин ховор тул тэдний хот айлыг зорих хүний хөл тасардаггүй ажээ. Нэг
литр айргийг 12 мянган төгрөгөөр борлуулж байна.
Малчин
Дашдондов “Манайх анх удаа л гүүгээ барьж айргаа исгэж байна. Говь нутагт айраг исгэх нь цаг агаарын байдал, өвс ургамлын онцлогоос шалтгаалж ихээхэн хүндрэл гардаг. Манайх өмнө нь тэмээ л
малладаг байлаа. Гүүгээ барих нь гүү, унага номхрохоос гадна адуу тогтож
идээшилдэг. Мөн айргаа исгээд зах зээлд борлуулдаг гээд олон талын ашигтай юм.
Удахгүй Улаанбадрах сумын 100 жилийн ой болно. Нутаг руугаа айргаа ганзагалаад
явна” гэв.