НАТО-гийн дараагийн уулзалт Туркт болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-06-26 10:38:29

ХААГ, 2025 оны зургаадугаар сарын 26 /Anadolu/. НАТО-гийн гишүүн орнуудын удирдагчид батлан хамгаалах салбарын зардлыг 2035 оны гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ 5 хувьд хүргэхээр тохиролцжээ. 


Уулзалтын дараа баталсан тунхаг бичигт дурдсанаар, гишүүн 32 улсын удирдагчид НАТО-гийн 5 дугаар зүйлд заасан хамтын батлан хамгаалах зарчмыг чанд баримтлахаа дахин нотолсон байна. 


НАТО-гийн гишүүн орнууд 3.5-аас доошгүй хувийг “батлан хамгаалахын үндсэн хэрэгцээ болон НАТО-гийн чадавхыг нэмэгдүүлэхэд” зарцуулах үүрэг хүлээсэн байна. Үлдсэн 1.5 хувийг “чухал дэд бүтцийг хамгаалах, иргэний бэлэн байдлыг хангах, батлан хамгаалах үйлдвэрлэлийн бааз суурийг бэхжүүлэх” зэрэг салбарт зарцуулахаар шийдвэрлэжээ.


Мэдэгдэлд дурдсанаар, зардлуудыг 2029 онд дахин нягтална. Талууд Украиныг үргэлжлүүлэн дэмжинэ гэдгээ дахин нотолсон бөгөөд эвслийн орнууд батлан хамгаалах зардлыг тооцохдоо Украины батлан хамгаалахын салбарт оруулж буй хувь нэмрийг тооцох ажээ. 


НАТО-гийн гишүүд батлан хамгаалах салбар дахь Атлантын далай дамнасан хамтын ажиллагааг хурдацтай өргөжүүлнэ гэдгээ илэрхийлжээ. "Бид батлан хамгаалахын салбар дахь худалдааны саад тотгорыг арилгахын төлөө хамтран ажиллах бөгөөд батлан хамгаалахын үйлдвэрлэлийн салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд түншлэлийн харилцаагаа ашиглах болно" гэж мэдэгдэлд дурдсан байна. 


Мэдэгдэлд мөн НАТО-гийн дараагийн дээд хэмжээний уулзалтыг Турк улсад зохион байгуулахаар шийдвэрлэснийг дурджээ. 



Related news