ДОРНОГОВЬ: "Дорноговийн зохиолчдын цоморлог-II" шинэ бүтээлийг олны хүртээл болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-05-15 10:54:56

Сайншанд, 2025 оны тавдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Монголын зохиолчдын "Хурмаст тэнгэр төв"-ийн 70 жилийн ойд зориулан бүтээсэн "Дорнын алтан аялгуу" Дорноговийн зохиолчдын цоморлог-II боть шинэ бүтээлийн нээлт Сайншанд суманд боллоо.


"Хурмаст тэнгэр" төвөөс Дорноговийн зохиолчдын цоморлиг нэгдүгээр ботийг Ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 210 жилийн ойд зориулан хэвлүүлж байсан бол удаах ботийг энэ жил илүү өргөн хүрээнд, олон зохиолчийн бүтээлийг багтааж олны хүртээл болгосон байна.


Уг бүтээл нь Дорноговь нутгийн 108 уран бүтээлчийн зохиол бүтээл, намтар, "Хурмаст тэнгэр төв"-ийн он дарааллын түүхэн товчоон, гэрэл зургууд, дурсамж тэмдэглэл, Дорноговь аймгийн тогтмол хэвлэл Ялалт сонинд архивлагдан үлдсэн шүлгүүд, утга зохиолын шагнал хүртсэн уран бүтээлчдийн жагсаалт зэргээс бүрдсэн 824 нүүр бүхий ном юм.


Номд говийн тавдугаар дүрийн ноён хутагт Лувсанданзанравжаагийн бүтээлээс өгсүүлээд Анги Шагдар, Цэцэн Сандаг, МУСГЗ, ардын уран зохиолч, Б.Догмид, төрийн шагналт яруу найрагч Ш.Гүрбазар, МУСГЗ яруу найрагч А.Эрдэнэ-Очир, Л.Эрдэнэбат гээд Дорноговийн гаралтай зохиолч, уран бүтээлчдийн бүтээлийг багтаажээ.


Монголын зохиолчдын “Хурмаст тэнгэр” төв нь эгнээндээ залуу дунд, ахмад үеийн олон зохиолчийг нэгтгэсэн зохиолчдынхоо зохиол бүтээлийг хэвлэн нийтлэх, уншигчдад шинэ бүтээлийн дээжийг өргөн барьдаг идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. 



Related news