ӨВӨРХАНГАЙ: Буга согоотын хадны зургууд хүрэл зэвсгийн үед хамаарна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны тавдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн төв Арвайхээр сумын дэргэдэх эртний зурагт хадтай уул бүхий довцгийг Буга согоот гэдэг.
Эртний хүмүүс энд янгир, чоно, адуу, буга, морьтой хүн, анчид зэргийг дүрсэлжээ.
Хадны баруун захад урт хошуутай, унжсан сүүлтэй бөмбөгөр зузаан биетэй заан шиг урт хошуутай хоёр амьтныг дүрсэлсэн байна.
"Энэ гурван амьтныг харахад яах аргагүй зааныг дүрсэлсэн мэт санагдана. Хэрвээ эдгээр нь үнэхээр зааны дүрс бол нэн сонирхолтой. Учир нь энэ зургийг монгол нутагт заан (арслан заан) амьдарч байсан үед цоолборлосон гэж үзэхэд сийлбэрийн байдал болон бусад зүйлийг их хожуу хүрэл зэвсгийн үед дүрсэлсэн байх тул эргэлзээ төрүүлнэ.
Харин энэ зургийг сийлсэн хүрэл зэвсгийн үеийн хүн, заан нутагладаг газар заан үзээд түүнийхээ дүрийг буга согоотын хаданд дурсан байж болох юм" хэмээн академич Б.Ренчин гуайн “Монгол нутаг дахь хадны бичээс гэрэлт хөшөөний зүйл" номд онцлон тэмдэглэжээ.
Буга согоотын хаднаа дүрсэлсэн нумын хэлбэр, морьтой хүн болон бусад зургийн ерөнхий шинж төрхөөс ажихад хүрэл зэвсгийн үед холбогдох юм. Уг дурсгалууд байгалийн болон хүний буруутай үйл ажиллагаагаар гэмтэж устах магадлалтай байсан тул яаралтай журмын дагуу зөөж тээвэрлэн онцлог дүрслэл бүхий гурван хэсэг хадны зургийг музейд байрлуулжээ.