АХБ-ны 58 дахь удаагийн жилийн уулзалтаар нарийн төвөгтэй сорилтыг шийдвэрлэхийн төлөө хамтран ажиллахыг уриалав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Италийн Милан хотноо Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны Захирагчдын зөвлөлийн 58 дахь удаагийн жилийн уулзалт болж байна.
Тус уулзалтыг нээж АХБ-ны Ерөнхийлөгч Масато Канда хэлэхдээ, Ази, Номхон далайн бүс нутагт тулгарч буй тодорхойгүй байдал нь эрсдэлд илүү тэсвэртэй, тогтвортой ирээдүйг бий болгох боломж юм хэмээн тэмдэглэв.
Тэрбээр “Гадаад орчны гэнэтийн цочрол, өрийн дарамт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг нь бүс нутгийн ард иргэд болон эдийн засагт хүндээр нөлөөлж байна. Гэхдээ бид тэгээс эхэлж байгаа юм биш. Өсөлт тогтвортой хэвээр үргэлжилж, худалдаа болон эдийн засгийн интеграц гүнзгийрч, нийлүүлэлтийн сүлжээ төрөлжиж, дижитал холболт болон инновац эрчээ авч байна. Тодорхойгүй байна гэдэг нь ухрах шалтгаан биш. Энэ нь илүү зоригтой, хурдтай хөдөлж, урьд өмнөхөөсөө илүү ойр нягт хамтран ажиллах хэрэгтэйг сануулж байна” гэлээ.
Энэхүү жилийн уулзалтад засгийн газар, хувийн хэвшил, иргэний нийгэм, академийн төлөөлөл 5000 гаруй зочин оролцож буй бөгөөд түүний дотор Итали Улсын Ерөнхий сайд Жоржиа Мелони багтаж байна.
Итали Улсын Эдийн засаг, санхүүгийн сайд Жанкарло
Жоржетти болон Италийн Төв банкны захирал бөгөөд АХБ-ны Захирагчдын зөвлөлийн
дарга Фабио Панетта мөн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ Итали Улс АХБ-ны
түншлэлийг онцлов.
“Хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлснээр эдийн засгийн
тогтвортой өсөлтийг урт хугацаанд дэмжиж, эрсдэлүүдийг бодит болохоос сэргийлж,
тэдгээрийн болзошгүй сөрөг үр дагаврыг бууруулахад туслах болно” хэмээн
Жоржетти хэлээд, “Ази, Номхон далайн бүс нутгийн тэргүүлэгч олон талт хөгжлийн
банк, итгэмжлэгдсэн түншийн хувьд АХБ нь бүс нутгийн болон бүс нутгийн бус
гишүүд, түншүүдтэйгээ хамтран нарийн төвөгтэй сорилтуудыг шийдвэрлэхийн төлөө
ажилласаар ирсэн” гэв.
Энэ жилийн уулзалтаар Ази, Номхон далайн бүс нутагт өөрчлөлт хийхэд нэн чухал дөрвөн гол чиглэлд анхаарал хандуулж байна.
Нэгдүгээрт, бүс нутгийн хүнсний тогтолцооны эмзэг байдлыг
шийдвэрлэх зорилгоор АХБ 2030 он хүртэл нийт 40 тэрбум ам.долларыг хүнсний тогтолцооны шилжилтийг дэмжихэд зориулна.
Хоёрдугаарт, АХБ боловсрол, санхүү, зах зээлийн
хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дижитал технологид хөрөнгө оруулалт хийж
байна.
Гуравдугаарт, АХБ эрчим хүчний системийг шинэчлэх,
холбоход хөрөнгө оруулна. Үүний дотор ASEAN Power Grid-д дэмжлэг үзүүлэх 10
тэрбум хүртэл ам.долларын хөрөнгө оруулалтын бэлэн байдлыг хангах чиглэлд
санхүүжилт хийнэ.
Дөрөвдүгээрт, АХБ нь дэд бүтцийг бэхжүүлэх, экосистемийг сэргээх, хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд өртсөн эмзэг бүлгийн иргэдийг дасан зохицоход нь туслах замаар тэсвэртэй байдлыг бий болгох хөрөнгө оруулалтыг гүнзгийрүүлнэ.
АХБ хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих амлалтаа дахин баталгаажуулж, 2030 он гэхэд хувийн хэвшлийн санхүүжилтийг дөрөв дахин нэмэгдүүлж, жилд 13 тэрбум ам.доллар хүргэх зорилттой байна.
АХБ нь Ази, Номхон далайн бүс нутгийн хүртээмжтэй, тогтвортой, эрсдэлийг даван туулах чадвартай өсөлтийг дэмжин ажилладаг олон талт хөгжлийн тэргүүлэх банк юм. Нарийн төвөгтэй сорилтуудыг шийдвэрлэхийн төлөө гишүүн орнууд болон түншүүдтэйгээ хамтран ажиллахдаа АХБ нь ард иргэдийн амьдралыг сайжруулж, чанартай дэд бүтцийг бий болгож, эх дэлхийгээ хамгаалах санхүүгийн шинэлэг арга хэрэгсэл, стратегийн түншлэлийг ашигладаг.
Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 69 гишүүн орны 50 нь тухайн бүс нутагт оршдог.