БАЯН-ӨЛГИЙ: Аймгийн Засаг даргын дэргэд өсвөрийн цахим клуб байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos@montsame.gov.mn
2025-05-06 16:35:48

Өлгий, 2025 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Ахлах ангийн сурагчдын мэдээлэл технологийн ур чадварыг дээшлүүлж, цахим ур чадвартай иргэдийг нэмэгдүүлэх зорилгоор Баян-Өлгий аймагт анх удаа Засаг даргын дэргэд өсвөрийн “Хурдан” цахим клубийг байгууллаа.

 

Клубийн нээлтийн үйл ажиллагаанд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар (цахимаар), аймгийн зарим удирдлага болон аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Х.Ардахан нар оролцож, клубийн гишүүдэд баяр хүргэж, амжилт хүслээ

 

Аймгийн төвийн болон зарим сумын 9-12 дугаар ангийн 172 сурагч уг цахим клубийн гишүүнээр эхний ээлжид элсэж байгаа бөгөөд уг клубээр дамжуулан хүүхэд залуусын цахим орчны зөв хэрэглээ, технологийн дэвшлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлж, тэдний идэвх оролцоонд тулгуурлан нийгмийн хүрээлэлд нөлөөлөх цахим элч болгон хөгжүүлж ирээдүйн мэргэжил боловсролоо сонгон суралцахад нь дэмжлэг үзүүлэх юм.

 

Эдгээр сурагчид мэдээлэл технологи, цахим элч бэлтгэх хөтөлбөрт хамрагдаж харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр гадаад, дотоодын төсөл хөтөлбөрт хамрагдах боломжтой болох юм. 


Мэдээлэл технологи хурдацтай хөгжихийн хэрээр тус салбарт бодитой хувь нэмэр оруулах, төрийн байгууллагад тухайн чиглэлээр ажиллах, чадварлаг мэргэжилтний эрэлт хэрэгцээ жил бүр өсөн нэмэгдэж байгаа билээ.

Related news