Улаан нуурын экосистемийг сэргээх “Цагаан бургастай-Онги усан цогцолбор” төслийн нээлт боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-05-06 13:58:28

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 14 мега төслийн хүрээнд “Цагаан бургастай-Онгийн усан цогцолбор”-ыг байгуулж, Улаан нуурын экосистемийг сэргээх төслийн нээлт Төрийн ордонд  өнөөдөр боллоо.


УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж нээлтийн үеэр хэлэхдээ, “Монгол Улс Цагаан бургастай-Онги болон Улаан нуурын усыг нэмэгдүүлснээр цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах бодлогын түвшний мега төслийг албан ёсоор эхлүүлж байна.


Төслийг хэрэгжүүлснээр таван аймгийн 30 мянган хүн, 230 мянган мал сүрэг, газар тариалан усаар хангагдаж, үр өгөөжтэй газар тариалан эрхлэх, аялал жуулчлал хөгжих шинэ экологи, нийгмийн ногоон дэд бүтэц бий болно” хэмээн тэмдэглэлээ.


Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, “Хамтарсан Засгийн газраас зарласан 14 мега төсөл бүгд нэг нэгнээ нөхсөн, нэг нь нөгөөгөөсөө уялдсан үндэсний кластер төслүүдийн цогц юм. Тэдгээр 14 мега төсөл бүгд ус хэрэглэнэ. Тэрхүү 14 мега төслийн тав нь говийн бүсэд хэрэгжинэ. Онги голын урсацыг сайжруулж, Улаан нуурыг сэргээх нь зөвхөн Монгол Улсын асуудал биш юм. Энэхүү төсөл нь олон улсын Рамсарын гэрээгээр нүүдлийн олон төрлийн шувуудын амьдрах, нүүдэллэх орчныг хамгаалахад чиглэж байгаа” хэмээн онцлов.


 Усны газрын дарга З.Батбаяр “Уур амьсгалын өөрчлөлт болон бусад шалтгааны улмаас Улаан нуур ширгээд нэлээн олон жил болж байна. Улаан нуурыг сэргээх цорын ганц арга зам бол Онги голыг сэргээх явдал юм. Онги гол сүүлийн 2 жилийн хугацаанд байгалиараа сэргэж буй. Тиймээс цогцолбор барих замаар Онги голын урсацыг тогтмолжуулах, улмаар Улаан нуурыг амжиж сэргээх нь нэн чухал. Энэхүү төсөл нь нэг нуурыг сэргээх тухай асуудал биш. Байгаль, экологио хамгаалахаас гадна говь болон хангайн бүсийн гадаргын усны нөөцийн жигд хуваарилалтыг бий болгох, шар түйрэнг намжаахад чиглэж буй хэрэг юм” гэлээ.

 

Тус төслийн хүрээнд урсацын тохируулгатай 65 сая.м3 эзэлхүүнтэй усан санг барих аж. Төслийг хэрэгжүүлэх явцад 1000 хүнийг ажлын байраар хангахын зэрэгцээ 130 байнгын ажлын байр шинээр бий болно хэмээн тооцоолжээ. Экологи, нийгмийн өндөр ач холбогдолтой уг төслийг бодит ажил хэрэг болгохоо илэрхийлж, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, говийн болон хангайн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь аймгийн Засаг дарга нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав.

 


Related news