Эгийн голын УЦС төслийн нэмэлт судалгааг эхлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2025-05-04 11:38:53

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам Шинжлэх Ухааны Академитай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.


Санамж бичигт БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл гарын үсэг зурав. Санамж бичиг нь Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн тавдугаарт эрэмблэгдсэн “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг үр ашигтай, уялдаатай зохион байгуулах, талуудын оролцоо, үүрэг хариуцлагыг тодорхойлох, дүгнэлт, зөвлөмжийг дурдсан хугацаанд гаргах зорилготой юм.


Санамж бичиг байгуулснаар БОУАӨЯ нь гүйцэтгэгч талыг санхүү, зохион байгуулалт, хэрэгцээт бодлогын зохицуулалтаар дэмжих, сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяа агентлагуудаас шаардлагатай өгөгдөл, мэдээ, мэдээллээр судалгааны багийг хангахыг дэмжих, судалгааны талбайд хамаарах аймаг, сумдын холбогдох байгууллагатай хамтран ажиллах, ажлын уялдаа холбоог хангах, сайжруулах үүргийг хүлээж байна.



Харин ШУА нь тус яамнаас баталсан "Эгийн голын УЦС төслийн Сэлэнгэ мөрний сав газрын экосистемд үзүүлэх өөрчлөлтийг тодорхойлох судалгаа"-ны ажлын I үе шатыг 2025 онд, II үе шатыг 2026 оны эхний хагаст хэрэгжүүлэх, судалгааны эцсийн тайланг БОУАӨЯ-д танилцуулж, холбогдох хэлэлцүүлгийг хийсний үндсэн дээр албан ёсоор хүлээлгэн өгөх үүрэг хүлээжээ. 

Related news