БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Чингис хаан Үндэсний музейд зочиллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна.
Айлчлалын хүрээнд хүндэт зочид Чингис хаан Үндэсний музейд өнөөдөр зочилж, “Монголын эртний төрт улс”, “Их Монгол Улс” танхимаар орж, Их эзэн Чингис хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, түгээн дэлгэрүүлэх, алдаршуулан мөнхжүүлэх, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх зорилгоор бүтээгдсэн "Их хааны өргөө" дэх Их эзэн Чингис хааны алтан хөшөөг үзэж сонирхов.
Хүндэт зочдыг Чингис хаан Үндэсний музейн захирал,
академич С.Чулуун угтан авч, “Монголын эртний төрт улс” танхим дахь үзмэрүүдийг
танилцуулав. Тэрбээр, манай хоёр улс 2000 жилийн тэртээгээс гүнзгий
харилцаатай байсныг дурдаад, сүүлийн 30 жилийн хугацаанд
Монгол, Солонгосын археологичдын хамтарсан баг Хүннүгийн археологийн
судалгаанд томоохон дэвшил гаргасныг онцолсон юм. Тухайлбал, хамтарсан
судалгааны баг Төв аймгийн Баянжаргалан сумын нутгаас Хүннүгийн хаадын
зуны ордныг илрүүлснийг тодотгосон юм.
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг тэргүүтэй төлөөлөгчид Их эзэн Чингис хааны алтан хөшөөг үзэж сонирхсон гадаадын анхны хүндэт зочид болж буйг Чингис хаан Үндэсний музейн захирал онцлон тэмдэглэв. Монголын талаас УИХ-ын гишүүн, Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн дэд дарга П.Батчимэг болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.