ӨВӨРХАНГАЙ: Үзлэгт хамрагдсан хүүхдүүдийн 97 хувь нь шүдний цооролтой байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-10-23 15:59:48

Арвайхээр, 2024 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Эрүүл мэнд, Боловсролын сайдын хамтарсан тушаалаар баталсан “Эрүүл шүд” үйл ажиллагааны хүрээнд 18 хүртэлх насны хүүхдийг амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, эрүүлжүүлэх ажлыг сумдад зохион байгуулж байна.


Аймгийн хэмжээнд ердөө таван сум шүдний эмчтэй байна. Иймд шүдний эмчгүй сумд аймаг дахь хувийн шүдний эмнэлэгтэй гурвалсан гэрээ байгуулж, харьяа хүүхдүүдээ үзлэгт хамруулж байгаа юм. Одоогоор Бат-Өлзий, Хайрхандулаан, Нарийнтээл, Баруунбаян-Улаан, Тарагт, Баянгол суманд 400 гаруй хүүхдийн шүдний үзлэг, эмчилгээг хийсэн бөгөөд хамрагдсан хүүхдийн 97 хүртэлх хувь нь шүдний цооролтой байна.

Мөн эрт илрүүлгийн үзлэгт хамрагдсан 5-6 настай хүүхдийн 83.7, 12 хүртэлх настнуудын 79.2 хувь нь шүд цооролтой байжээ.



Үүний үндсэн шалтгаан нь амны хөндийн эрүүл ахуйн мэдлэг хангалтгүй байдагтай холбоотой. Мөн аймгийн хэмжээнд шүдний эмч дутагдалтай байгаа нь ч нөлөөлж буйг Эрүүл мэндийн газрын нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн мэргэжилтэн Ц.Рэгзэдмаа хэлэв. 

Related news