БХИС 2030 он гэхэд бие даасан судалгааны их сургууль болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
gantuya@montsame.mn
2016-10-13 17:12:31

Батлан хамгаалахын их сургууль /БХИС/ 95 жилийн ойн хүрээнд боловсролын агуулгаа олон улсын стандартад нийцүүлэн шинэчилж, бие даасан судалгааны их сургууль болохоор төлөвлөжээ.

Уг шинэчлэлийн талаар БХИС-ийн захирал, хошууч генерал Я.Чойжамц, Эрдэм шинжилгээ, нийгмийн түншлэл хариуцсан дэд захирал, хурандаа П.Жаргалан, тус Боловсрол, сургалтын хэлтсийн дарга, доктор, профессор Н.Наранжамц, Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, хурандаа Б.Мөнхсайхан нар мэдээллэв.

Тус сургууль ойн хүрээнд олон ажил хийж байгаа бөгөөд боловсролын салбартаа түлхүү анхаарч, төстэй үйл ажиллагаа явуулдаг Европын орнуудын сургуулиудтай хамтран ажиллаж, 40-өөд багшийн заах арга зүйг дээшлүүлж, мөн сургалтын орчингоо сайжруулах зэрэг ажлыг хийж буй аж.

Тус сургуулийн боловсрол, сургалтын хэлтсийн дарга Н.Наранжамц “Манай сургууль сургуулийн өмнөх насны боловсролоос бусад бүх шатны сургалтын үйл ажиллагааг явуулж байна. Батлан хамгаалахын эрэлт хэрэгцээнд нийцсэн боловсон хүчнийг бэлтгэхийн тулд сургалтын чанараа сайжруулахаар ажиллаж байна. 2030 он гэхэд бие даасан судалгааны их сургууль болохоор төлөвлөн бэлтгэл ажилаа хийгээд явж байна” гэв.

БХИС-ийн захирал, хошууч генерал Я.Чойжамц “Судалгааны их сургууль болоход төрөөс анхаарал шаардлагатай байна. Боловсролын яаманд судалгааны лаборатори бариулах хүсэлт тавихаар танай сургууль Батлан хамгаалах яаманд хамаатай гээд барьж өгдөггүй. Батлан хамгаалах салбар манай улсын чухал салбаруудын нэг. Тиймээс тус сургуулийг хөгжүүлэхэд төрөөс урт болон дунд хугацааны бодлогоор дэмжих хэрэгтэй байна” гэлээ.

Г.Даваамаа

Related news