Баян-Өлгий: ХСҮТ-ийн эмч нар Өлгий хотод энэ сарын 6-ныг хүртэл ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-09-03 18:03:23

Өлгий, 2024 оны есдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. ХААН Банк сан, Хавдар судлалын үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хамтран "Хавдрын эсрэг үндэсний аян"-ыг 2011 оноос орон даяар зохион байгуулж байгаа.


Иргэдэд хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлс, тэдгээрээс сэргийлэх, эрт үед нь илрүүлэхийн ач холбогдлын талаар мэдээлэл өгөх, орон нутгийн эмч, мэргэжилтнүүдийг сургах, эрт илрүүлэг үзлэгийг үр дүнтэй хүргэх зорилготой тус аяны нээлт өнөөдөр Өлгий хотод боллоо.


Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын дарга Б.Мухамед, Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү, ХААН банкны иргэдийн банк хариуцсан дэд захирал Д.Ариунбат, аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Х.Манчук, ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал Л.Өнөржаргал болон эмч, эмнэлгийн ажилтнууд, иргэдийн төлөөлөл оролцлоо.


Өнгөрсөн оны жилийн эцсийн мэдээгээр Баян-Өлгий аймагт шинээр бүртгэгдсэн хорт хавдрын 23.7 хувийг элэг, 23.1 хувийг ходоод, 11.8 хувийг улаан хоолой, 10.1 хувийг бөөр,  4.1  хувийг хөх, 3 хувийг бүдүүн гэдэсний хорт хавдар эзэлдэг. Харин 24.3 хувь нь бусад эрхтний хорт хавдар байна. Шинээр бүртгэгдсэн хорт хавдрын тохиолдлын 73.1 хувь нь хожуу үедээ оношлогдож байгаа.


Энэ өвчнөөс урьдчилан сэргийлж болдгийг, эрт оношилж, илрүүлбэл бүрэн эдгэрэх боломжтой гэдгийг “Хавдрын эсрэг үндэсний аян”-аар иргэдэд ойлгуулахыг зохион байгуулагчид чухалчилж байна.


Иймээс Хавдар судлалын үндэсний төвийн мэргэжлийн эмч нарын баг тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт энэ сарын 6-ны өдрийг хүртэл ажиллаж, иргэдийг хавдрын үзлэг оношилгоонд хамруулж, урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгнө. 

Related news