ОРХОН: Аймгийн ИТХ-ын Ажлын алба мэдээллийн аюулгүй байдлын стандарт нэвтрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-05-24 15:09:52
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны тавдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Хойд бүсийн аймгуудын төрийн байгууллагуудын дунд зохион байгуулж буй “Чанарын форум -2024” өдөрлөг Орхон аймагт болж байна. Өдөрлөгт Хөвсгөл, Булган, Орхон аймгийн төрийн 400 гаруй албан хаагч оролцож байна.

 

Орхон аймаг 2018 оноос төрийн байгууллагуудадаа олон улсын чанарын менежментийн 9001:2015, байгаль орчны 14001:2015, мэдээллийн аюулгүй байдлын 27001: 2013, авлигын эсрэг 37001:2016 тогтолцоог нэвтрүүлээд байна.

 

Сүүлийн гурван жилд төрийн зарим байгууллагыг үйл ажиллагаандаа чанарын менежмент, стандарт нэвтрүүлэхийг уриалж энэ талаар сургалт, мэдээлэл, өдөрлөгийг тогтмол зохион байгуулж байна. Үүний нэг нь өнөөдрийн форум юм.  

 

Төрийн байгууллагууд чанарын менежментийн тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр төрийн үйлчилгээ шуурхай, хүртээмжтэй хүрэхээс гадна төрийн албан хаагчдын ажлын бүтээмж дээшлэх давуу талтай.

 

Иймд Орхон аймгийн ИТХ-аас Хойд бүсийн гурван аймгийн төрийн байгууллагуудын дунд “Чанарын форум-2024” өдөрлөг зохион байгуулж, стандарт нэвтрүүлсэн байгууллагууд өөрсдийн туршлагаа хуваалцаж мэдээллээ солилцох боломжийг бүрдүүлсэн юм.

 

Өдөрлөгийн үеэр Орхон аймгийн ИТХ-ын Ажлын алба “Мэдээллийн аюулгүй байдлын 27001:2013 стандарт”-ыг нэвтрүүлсэн гэрчилгээ гардан авлаа. 






Related news