Владимир Путин ОХУ-ын төрийн тэргүүний тангараг өргөлөө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-05-07 17:23:10

МОСКВА, 2024 оны тавдугаар сарын 7. /ТАСС/. Өнөөдөр Кремлийн их ордны Андреевийн танхимд тав дахь удаагаа ОХУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Владимир Путиний тангараг өргөх ёслол боллоо.


Тэрбээр ОХУ-ын Үндсэн хуулийн уг эх дээр баруун гараа тавьж “ОХУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ хүний, иргэний эрх, эрх чөлөөг хүндэтгэн хамгаалж, ОХУ-ын Үндсэн хуулийг сахин хамгаалж, улс орны бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, аюулгүй байдал, бүрэн бүтэн байдлыг хамгаалж, ард түмэндээ үнэнчээр зүтгэхээ тангараглая” хэмээн тангарагийн үгийг уншлаа.  


Ерөнхийлөгчийн тангараг нь угтвар ба холбоос үгсийг оролцуулаад нийт 33 үгнээс бүрдэх бөгөөд эдгээр үг нь ОХУ-ын Үндсэн хуулийн дөрөвдүгээр бүлэгт тусгасан байдаг.


Тангараг өргөх ёслолд тусгайлан зориулж 1996 онд  замба гүрвэлийн арьсаар хавтасласан Үндсэн хуулийн уг эх хувийг Кремлийн ордон дахь Ерөнхийлөгчийн номын санд хадгалдаг бөгөөд тэр үеэс хойш болсон тангараг өргөх бүх ёслолд хэрэглэсээр иржээ. 2020 онд Бүх Оросын санал хураалтаар тангаргийн үгэнд өөрчлөлт орсон байна.   


Владимир Путин ирэх зургаан жилийн хугацаанд 5 дахь удаагаа ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хаших гэж байна. Энэ оны 3 дугаар сарын 15-17-нд болсон Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд тэрбээр 87,28 хувийн санал авсан билээ. Сонгуулийн ирц 77,44 хувьтай байсан нь шинэ Оросын түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт юм.

 

 

Related news