У.Ляйены хэлсэн үгийг Германы Батлан хамгаалахын сайд шүүмжилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 2 /Politico/. Аюулгүй байдлын урт хугацааны баталгааны хүрээнд олон үндэстний цэргийг Украин руу илгээх төлөвлөгөөний талаар Европын Комиссын /ЕК/ тэргүүн Урсула фон дер Ляйен олон нийтэд хуваалцсаныг Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус шүүмжилжээ.
Б.Писториус энхийн хэлэлцээ хийхээс өмнө ийм хувилбаруудыг хэлэлцэх нь “тун буруу” хэмээн мэдэгдсэн байна. Тэрбээр Германы Тросдорф хотын батлан хамгаалахын үйлдвэрт сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ хэлэхдээ, Европын Холбоо хаана, ямар зорилгоор гэдгээс үл хамааран цэрэг байрлуулах тал дээр ямар ч эрхгүй гэдгийг дурдаад, би хувьдаа ийм зүйлийг батлах, тайлбар өгөхөөс татгалзах болно гэсэн байна.
Засгийн газрууд ямар нөхцөлд цэрэг байрлуулах боломжтой эсэх талаар эргэцүүлэн тунгааж байгааг Германы Батлан хамгаалахын сайд хүлээн зөвшөөрсөн боловч “одоогоор үүнийг олон нийтийн өмнө нээлттэй хэлэлцэхийг би хувьдаа буруу гэж үзэж байна” хэмээн ярьжээ.
У.Ляйен өнгөрсөн амралтын өдрөөр “Financial Times” сонинд ярилцлага өгөх үеэрээ “Европ дайны дараах аюулгүй байдлын баталгааны нэг хэсэг болгон Украинд олон үндэстний цэргийг байрлуулах нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж байгаа” хэмээн ярьсны дараа Б.Писториус дээрх мэдэгдлийг хийжээ.
ЕК-ын тэргүүн хэлэхдээ, уг төлөвлөгөөнд Европын орнуудаас олон арван мянган цэргийг хамруулж, тагнуул, командлал зэрэг салбарт АНУ дэмжлэг үзүүлж магадгүй гэсэн юм. У.Ляйен Украиныг Оросын зүгээс ирээдүйд нүүрлэж болзошгүй түрэмгийллээс хамгаалах, Европын аюулгүй байдлыг хамгаалахын тулд бат бөх баталгаа “хамгийн чухал” гэж үзэж байна. Тэрбээр мөн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Киевт үзүүлэх “аюулгүй байдлын баталгаанд” хувь нэмрээ оруулах хүсэлтэй байгааг сайшаажээ.
Украинд барууны цэргийг байрлуулах төлөвлөгөөний талаар талууд ихээхэн санал зөрөлдөөнтэй байгаа юм. Тодруулбал, Франц, Их Британи улсууд энэ асуудлыг хэлэлцэж байгаа бол АНУ, Польш зэрэг НАТО-гийн гишүүн орнууд цэргээ илгээхээс татгалзсан бөгөөд бусад орны байр суурь тодорхойгүй байна.