“И-Монголиа 4.0” хувилбар хэрэглээнд нэвтэрлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-07 14:19:20

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Төрийн үйлчилгээний нэгдсэн системийн шинэчилсэн, хиймэл оюунд суурилсан, иргэнээ хамгаалдаг “И-Монголиа 4.0” хувилбарыг өнөөдөр нээлээ.


Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “И-Монголиа”-г анх 2020 оны 10 дугаар сарын 1-нд төрийн 23 байгууллагын 181 үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх боломжтойгоор олон нийтэд танилцуулж байлаа. Тэгвэл өнөөдөр 86 байгууллагын 1233 үйлчилгээг нэвтрүүлсэн төдийгүй 1.8 сая хэрэглэгчтэй болжээ. Энэ нь Монгол Улсын насанд хүрсэн хүн амын 70 гаруй хувийг эзэлж байгаа юм. Түүнчлэн иргэд дөрвөн жилийн хугацаанд нийт 46 сая удаагийн үйлчилгээг “И-Монголиа”-гаар дамжуулан авчээ. Энэхүү системээр үзүүлсэн үйлчилгээ нь 922 тэрбум төгрөгийн шууд бус зардлыг хэмнэсэн байна. Харин 2024 он гарснаас хойш 144 тэрбум төгрөгийн зардлыг хэмнэв.


Өнөөдөр шинээр хэрэглээнд нэвтрүүлж буй “И-Монголиа 4.0”  шинэчилсэн хувилбараар хиймэл оюунд суурилсан, иргэнээ хамгаалдаг ухаалаг үйлдлүүдийг танилцуулав. Төрийн үйлчилгээний нэгдсэн системийн интерфэйсийн өөрчлөлтөөр тээврийн хэрэгсэл, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, эзэмшил бүхий аж ахуйн нэгжийн бүхий л мэдээллийг профайл хэсэгт тусгай талбарт байршуулжээ. Зээл авах, виз мэдүүлэх, бичиг баримт захиалахад шаардлагатай лавлагаа тодорхойлолтыг иргэдийн хэрэгцээнд тулгуурлан багцалсан үйлчилгээнүүд хэлбэрээр санал болгодог болов.


Мөн өөрийн авах үйлчилгээгээ дуу хоолойгоо ашиглан хайх боломжийг хиймэл оюунд тулгуурлан бий болгосноор хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлжээ. Түүнчлэн замын хураамж, тээврийн болон жолоочийн торгууль, үер ус, угаарын хийн мэдрэгчийн мэдээллийг ухаалаг мэдэгдэл хүргэх системийн тусламжтай хүргэдэг болсон аж.


Үүнээс гадна эрүүл мэндийн үйлчилгээг цахимжуулах ажлын хүрээнд E-Mongolia 4.0 хувилбараар эрүүл мэндийн цогц үйлчилгээг нэвтрүүллээ. Өвчний оношид тохирсон эмнэлгийг сонгох, шинжилгээ болон дүрс оношилгооны хариу харах, эмийн жорын түүхээ харах, AR технологи ашиглан эмийн танилцуулгыг үзэх зэргээс гадна жирэмсэн үеийн бүхий л үйл явцаа хянах боломжийг бүрдүүлэв. Түүнчлэн дархлаажуулалтын мэдээллийг хянах хэсгээр дамжуулан шинээр төрсөн нярайгаас эхлээд заавал хийх үндэсний товлолт дархлаажуулалтаа хянах аж. Тухайн иргэний E-Mongolia системд нэвтэрсэн түүх, бүртгэлтэй төхөөрөмжийн мэдээллийг “хандалтууд” хэсгээс он, сар, цаг, минуттай нь харах боломж нэмэгдлээ.




Related news