Хамтарсан судалгаагаар олон хэлний бичээс бүхий гэрэлт хөшөөний хугархайг илрүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2024-04-26 16:53:03

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Монгол Улсын ШУА-ийн Археологийн хүрээлэн, Олон улсын Түрэг академийн хамтарсан судалгааны дүнг олон нийтэд танилцууллаа.


“Номгон-2” тахилын онгоны цогцолборын археологийн судалгааны хүрээнд олдсон эд хэрэглэгдэхүүний талаар болон тус тахилын онгоны хамаарал бүхий шинээр илрүүлэн олсон бичээсний хоёр дахь хэсгийн талаар ШУА-ийн Археологийн хүрээлэн, Олон улсын Түрэг академи хамтран өнөөдөр мэдээлэл өгөв.


Тус хамтарсан хээрийн шинжилгээний анги 2019, 2022, 2023 онд Архангай аймгийн Хашаат сумын нутагт эртний Түрэгийн үед холбогдох тахилын онгоны цогцолборыг малтан судалжээ. Судалгааны ажлын явцад хожуу Түрэгийн хаант улсын үеийн 8 тахилын онгон бүхий цогцолбор дурсгалт газруудыг бүртгэн баримтжуулж хааны тахилын онгон цогцолбор дурсгалт газруудад тохиолддог тахилын дөрвөлжин шоо бүхий “Номгон-2” дурсгалт газрыг сонгон 2019 онд археологийн судалгааны ажлаа эхлүүлсэн байна.

2022 оны судалгаагаар эртний түрэг, согд бичээс бүхий гэрэлт хөшөөний толгойн хэсгийн хугархайг анх олж судалгааны эргэлтэд оруулжээ. Энэ нь Орхоны бичээс хэмээн алдаршсан Хөдөө цайдамд оршдог зүүн Түрэгийн Билгэ хаан, Күлтегин жанжин нарт зориулан босгосон тахилын онгон бүхий гэрэлт хөшөө олдсоноос 130 гаруй жилийн дараа дахин археологийн малтлага судалгааны дүнд олдож буй гэрэлт хөшөө юм.


Хамтарсан судалгааны анги өнгөрсөн оны малтлага судалгаагаар тус гэрэлт хөшөөний үлдсэн хугархайг илрүүлэн олсон бөгөөд эртний түрэг бичээс бүхий нүүрэн тал ихэд баларсан байжээ. Харин эсрэг талын нүүрэнд эртний хятад ханзаар бичсэн болохыг тогтоогоод байгаа аж.


Гэрэлт хөшөөний толгойд ороолдсон хоёр чоныг хоёр тийш харуулан урд хөлөөрөө ямар нэг зүйл хавчин амаа ангайж буйгаар дүрсэлсэн байна. Сийлмэл дүрс зарим хэсэгтээ нэлээд баларсан байдалтай байна. Гэрэлт хөшөөний их биеийн хэсгээс нийт 19 мөр руни бичиг байгаа нь мэдэгдсэн бөгөөд их биеийн хажуу талын хавтгайд, хөвөө захаараа зургаа зургаан руни үсэгтэй, түүний дотор талд нь 4 мөр согд үсгээр бичсэн байна.


Тус тахилын онгоны бүрдэл хэсэг болох тахилын хавтан чулуу, тахилын сүм, хүний болон амьтдын дүрст хөшөө чулууд, тэдгээрийг тойрсон суваг далан, зэл чулуу зэрэг нь Түрэгийн хаадын тахилын онгоны гол шинж тэмдэг юм. Үүнээс үзвэл “Номгон-2” цогцолбор дурсгал нь Орхоны алдарт дурсгалуудтай адил, эн зэрэгцэхүйц дурсгалд тооцогдоно. Тахилын гэрэлт хөшөөний согд болон эртний түрэг бичигт гарч буй Кутлуг хаан бол Билгэ хаан, Күлтегин жанжны эцэг бөгөөд зүүн Түрэгийн хаант улсыг үүсгэн байгуулж олон хэл нүүдэлчдийг нэгэн туган дор оруулж их улсыг байгуулсан хаан гэдэг нь энэхүү илрүүлэн олсон олон хэлний бичээс бүхий цогцолбор дурсгалаар батлагдах юм.


Шинээр илрүүлсэн гэрэлт хөшөөний доод их биеийн хугархай нь мэлхий чулуун сууриндаа углуурга хэсгээрээ суун таарах бөгөөд гэрэлт хөшөө бүтэн болсон нь судлаачдын өнгөрсөн жилийн нээлт юм.


Энэхүү хамтарсан судалгааны ажил цаашид үргэлжлэх аж. 



Related news