БАЯН-ӨЛГИЙ: Статистик мэдээлэл цуглуулах ажилд хяналт тавина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-04-24 15:25:41

Өлгий, 2024 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/.  Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа, тус хорооны Эдийн засгийн статистикийн газрын Үнийн статистикийн хэлтсийн дарга Г.Мөнх-Оргил, Эдийн засгийн статистикийн газрын Мөнгө, санхүү, үйлчилгээний статистикийн хэлтсийн дарга Л.Энхбаатар нар энэ сарын 22, 23-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажиллалаа.


Энэ үеэр аймгийн Засаг дарга А.Камелияттай уулзаж, орон нутгаас цуглуулж буй статистик мэдээллийн чанар, тулгарч буй хүндрэл, бэрхшээл шийдвэрлэх арга замын талаар санал солилцлоо. Мөн Үндэсний статистикийн хорооноос тоон судалгааны чанарыг сайжруулах зорилгоор багийн Засаг дарга нарын мэдлэг, чадварыг ахиулах сургалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаар танилцуулж, уг ажилд орон нутгаас дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахыг хүслээ.


Аймгийн Засаг дарга А.Камелият статистикийн байгууллагыг дэмжин ажиллахаа илэрхийлж, статистик мэдээлэл цуглуулах ажилд хяналт тавин ажиллахыг аймгийн Статистикийн хэлтсийн даргад Н.Ерланд үүрэг болголоо.


Үндэсний статистикийн хорооны ажлын баг аймгийн Статистикийн хэлтсийн хамт олон, Өлгий сумын багийн Засаг дарга нар, аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт хийв. Энэ үеэр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал болон статистикийн байгууллагын 100 жилийн ойн баярын хүрээнд хийж буй ажлуудын талаар мэдээлэл өгөв. 

 

Түүнчлэн статистикийн мэдээлэл цуглуулах ажилд манлайлж байгаа багийн Засаг дарга нар болон байгууллагуудын статистикийн асуудал хариуцсан ажилтнуудыг Үндэсний статистикийн хорооны "Жуух бичиг"-ээр шагнаж, мэдээ, тайланг үнэн зөв, товлосон хугацаанд мэдээлдэг "Думан",  "Нур едил", "Хотгор" компани, Монголбанкны Баян-Өлгий салбарыг "Шилдэг мэдээлэгч" аж ахуй нэгж, байгууллагаар шалгарууллаа.  

Related news