БАЯН-ӨЛГИЙ: Цул улаан, Улаан дэлийн услалтын системийг шинэчлэх ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-04-22 16:21:51

Өлгий, 2024 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл, Ядуурлыг бууруулах Япон сангийн тусламжаар "Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй" төслийг 2020-2026 оны хооронд манай улсын 11 аймгийн 19 суманд хэрэгжүүлж байгаа.


Нийтдээ 46.2 сая ам долларын санхүүжилттэй дээрх төсөл нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих, маркетингийн үр ашгийг дээшлүүлж, өрхийн хэмжээнд хүнсний ногоо эрхлэгчид, малчид болон аж ахуйн түвшинд малын тэжээл үйлдвэрлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх, мал сүргийг эрсдэлээс хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой.


"Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй" төсөлд Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 160 га талбай бүхий Цул улаан, Сагсай сумын 400 га талбайтай Улаан дэлийн услалтын системийг хамруулж, шинэчлэх ажлыг хийж байна.


Дээрх услалтын системүүдийн ашиглалттай холбоотой асуудлаар “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төслийн услалтын системийн зөвлөх мэргэжилтэн, доктор (Ph.D) профессор Ш.Баранчулуун, Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн удирдлага, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Орон нутгийн өмчийн газар, байгаль орчин аялал жуулчлалын газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтнүүд, Баяннуур, Сагсай сумын ЗДТГ-ын ажлын баг,  услалтын системийн барилгын ажлын гүйцэтгэгч “Эс энд Эй трэйд” “Нью констракшн” компанийн төлөөлөл энэ сарын 19-ний өдөр уулзаж, хэлэлцүүлэг хийлээ.


Одоогийн байдлаар Цул улаан, Улаан дэлийн услалтын системийн барилгын ажлын гүйцэтгэл 80 хувьтай байгаа ба есдүгээр сарын 25-ны өдөр ашиглалтад өгөхөөр төлөвлөж байна.


Иймээс услалтын системийг ашиглалтад өгөхөөс өмнө:

-Эзэмших, ашиглалтыг хариуцах хуулийн этгээдийг тодорхой болгох;

-ХХААХҮ-ийн сайд ба Баян-Өлгий аймгийн Засаг даргын хооронд “Төслийн үйл ажиллагааг зохицуулах тухай” гэрээ байгуулах;

-Услалтын системийн үйл ажиллагааг удирдах мэргэжилтэн, техникийн мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх;

-Тариаланчид, ногоочдод зориулсан сургалт хийх;

-Бороожуулагч машин, насос станцыг ажиллуулах, засвар үйлчилгээ хийх дадлагажуулалт, үзүүлэх сургууль хийх шаардлагатай байгааг төслийн Услалтын системийн зөвлөх мэргэжилтэн, доктор (Ph.D), профессор Ш.Баранчулуун орон нутгийн холбогдох байгууллагуудад анхаарууллаа. 


Баян-Өлгий аймагт дээрх хоёр төсөл бүрэн хэрэгжсэнээр байгаль орчны хувьд тогтвортой хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн тогтолцоо сайжирч, хүнсний ногоо, тариалан эрхлэгчдийн орлого нэмэгдэж, амьжиргааны түвшин дээшилнэ гэсэн хүлээлттэй байна. 

Related news