БАЯН-ӨЛГИЙ: Тэжээл импортлогчидтой хариуцлагын гэрээ байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-02-28 11:24:21

Өлгий, 2024 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг даргын захирамжаар өвс, тэжээлийн үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол бий болохоос урьдчилан сэргийлэх ажлын баг байгуулан ажиллаж байна.


Тус аймгийн 21 аж ахуйн нэгж ОХУ-аас Цагааннуур боомтоор дамжуулан малын тэжээл импортолдог. Ажлын баг эдгээр аж ахуйн нэгжийн удирдлагатай уулзаж, одоогийн байдлаар 7 компанитай малын тэжээлийн үнийг тогтвортой барих хариуцлагын гэрээ байгуулаад байна. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас өгсөн мэдээллээр тэжээл импортолдог бүх аж ахуйн нэгжтэй хариуцлагын гэрээ байгуулахыг зорьж байгаа юм.


"Засгийн газраас импортын тэжээлийг гааль, НӨАТ-аас чөлөөлөхөөр төлөвлөж байгаа. Тус шийдвэр гарсан нөхцөлд тэжээл импортлох асуудал бүрэн шийдэгдэнэ. Баян-Өлгий аймгийн хувьд зургаадугаар сарын 1-нийг хүртэл газрын шинэ ногоо гардаггүй, мал байнгын болон нэмэгдэл тэжээлд байдаг. Өнгөрсөн оны тавдугаар сард 1 шуудай тэжээлийн үнэ 75 мянга, боодол өвсний үнэ 60 мянгад хүрч байсан. Тийм учраас хомсдол, үнийн хөөрөгдөл дахин давтагдахаас урьдчилан сэргийлэхээр ажиллаж байна" гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургулан хэлэв. 


Related news