БАЯН-ӨЛГИЙ: Булган сумын малчдад мөнгөн тусламж үзүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-02-20 14:36:51

Өлгий, 2024 оны хоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Монголын улаан загалмайн нийгэмлэг нь олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгийн холбоотой хамтран өвөлжилт хүндэрч байгаа аймгуудын зорилтот бүлгийн малчин өрхүүдэд хүмүүнлэгийн тусламж олгох Гамшгийн яаралтай тусламжийн хөтөлбөр хэрэгжүүлж байна.


Хөтөлбөрийн хүрээнд Баян-Өлгий аймгийн Булган сумын  50 малчин өрх тус бүрд нь 550 мянган төгрөг, мөн малын эрдэс тэжээлийн багцын тусламж үзүүлэхээр болсон талаар аймгийн Улаан загалмайн хорооны дарга Х.Ертай мэдээлэв.


Тусламжид хонин толгойд шилжүүлснээр 100-400 хүртэлх малтай, цасны зузаан болон нягтралаас үүдэн мал нь бэлчээрлэх боломжгүй болсон, ган, зуд, бэлчээртэй холбоотойгоор отроор өвөлжиж буй жирэмсэн, хөхүүл ээжтэй гэр бүл, 16 хүртэлх насны 3 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх, 5 ба түүнээс дээш хүүхэдтэй айл байх зэрэг шаардлагуудыг хангасан малчин өрхүүдийг хамруулна.


Мөнгөн тусламжийг иргэдийн харилцах дансанд шууд шилжүүлэх бол малын эрдэс тэжээлийн багцыг аймгийн Онцгой комиссоор дамжуулан хүргүүлэх ажээ. 

Related news