Дэлхийн анхны марктай захидлыг дуудлагаар худалдана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
Jargal.d@montsame.mn
2024-01-30 16:35:06

НЬЮ-ЙОРК, 2024 оны нэгдүгээр сарын 30 /CNN/. Дэлхийд хамгийн анх удаа илгээж байсан наадаг марктай захидлыг Sotheby's дуудлага худалдааны ордонд үнэ хаялцуулах гэж байна. “The One” хэмээн нэрлэсэн уг дуудлага худалдаа хоёрдугаар сарын 2-нд Нью-Йорк хотноо болно.


Ордны шинжээчид энэхүү захидлыг 1.5-2.5 сая ам.долларын үнэ хүрнэ хэмээн таамаглаж байна. Хэрэв ийм үнээр зарагдвал дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнэ хүрсэн шуудангийн эд зүйл болох юм. 


Нүүрэн талд нь бичээс, тамга тэмдэг, марктай, арын хэсэгтээ лацадсан тамга бүхий шарлаж гандсан уг дугтуйг нээхэд голдоо зурагтай хуудас болж хувирдаг ажээ. Ийм дугтуйг Малреди дугтуй гэж нэрлэдэг.


1840 оны тавдугаар сарын 2-ны өдрөөр огноологдсон захидал нь Английн хойд хэсэгт орших Бедлингтон дахь хатан хаан Викториягийн төмөрлөгийн үйлдвэрийн 35 настай менежер Уильям Бленкинсопт хаяглагдсан байв. 


Малреди дугтуй нь 1840 онд Британийн шуудангийн албанаас явуулсан шуудангийн шинэчлэлийн хүрээнд гаргасан 1 ба 2 пеннигийн үнэтэй үргэлж дугтуй юм. Эдгээр дугтуйг 1840 оны тавдугаар сарын 1-нд худалдаанд гаргасан бөгөөд анхны шуудангийн марк гэгддэг "Penny Black" гэдэг марктай нэгэн зэрэг шуудан харилцаанд зориулан гаргаж байжээ. Түүний зургийг зураач Уильям Малреди зурсан бөгөөд түүний нэрээр дугтуйг нэрлэсэн байна. Шуудангийн энгийн дугтуйг хэрэглэхэд илүү  хялбар байсан тул Малреди дугтуйнууд хэрэглэгдэхээ больжээ. 


Дэлхийд анхныхт тооцогдох наадаг маркийг эрдэмтэн, шинэчлэгч Сэр Роуланд Хилл тухайн үед хүлээн авагчийн төлж байсан нарийн төвөгтэй, өндөр үнэтэй, урьдчилан тааварлахын аргагүй шуудангийн үнийг стандартчлах зорилгоор санаачилж байжээ.

Related news