БАЯН-ӨЛГИЙ: Салхин цэцгээр өвчлөх тохиолдол нэмэгдэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2024 оны нэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн хэмжээнд өнгөрсөн онд салхин цэцэг өвчний 205 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь өмнөх оныхтой харьцуулахад 2.5 дахин буюу 153.6 хувиар өссөн үзүүлэлт аж.
Харин он гарснаас хойш 14 тохиолдол нэмж бүртгэгджээ.
Салхин цэцэг өвчнөөр өвчилсөн хүмүүсийн 84 хувь нь Өлгий сумын иргэд бөгөөд ихэвчлэн хүүхдүүд өвдөж байгаа аж. Тодруулж хэлбэл, 0-1 насны 15, 2-5 насны 37, 6-17 насны буюу сургуулийн насны 110 хүүхэд тус тус өвджээ. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 11 хувь нь эмнэлэгт хэвтэж, 89 хувь нь өрхийн эмчийн хяналт доор гэрээр эмчилгээ хийлгэсэн байна.
Салхин цэцэг нь амьсгалын замын халдварт өвчин бөгөөд тухайн төрлийн өвчнөөр нэг хүн өвдсөн тохиолдолд түүний эргэн тойронд байгаа 7 хүн нэмж халдвар авах эрсдэлтэй.
Иймээс өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн бол өрхийн болон сумын эрүүл мэндийн
төвд яаралтай хандах, хэрвээ сэжиг батлагдсан тохиолдолд тусгаарлаж, халдвар
хамгааллын дэглэмийг баримтлан эмчилгээ хийх шаардлагатайг аймгийн Эрүүл
мэндийн газраас анхаарууллаа.