БУЛГАН: Малчдыг дэмжих зөвлөгөөнд 2160 малчин хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-01-17 13:50:27

Булган, 2024 оны нэгдүгээр сарын 17  /МОНЦАМЭ/. Булган аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас малчдыг дэмжих, мэдлэг, мэдээллээр хангах, хамтран суралцах зорилгоор сургалт,  зөвлөгөөнийг тогтмол зохион байгуулж байна. Өнгөрсөн онд  2160 малчин, мэргэжилтэн  хамрагдаж  тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэж  байна.    

 

Тухайлбал, малчдыг мэдээллээр хангах,  малын тоонд бус чанарт анхаарахад туслах, эрчимжсэн мал аж ахуйг дэмжих зорилгоор 500 эмэгтэй малчдын зөвлөгөөнийг аймгийн төвд зохион байгуулж байна. Зөвлөгөөнд Тэшиг, Хангал, Бугат, Сэлэнгэ, Хутаг-Өндөр, Хишиг-Өндөр, Баян-Агт, Бүрэгхангай, Орхон, Гурванбулаг, Рашаант, Дашинчилэн сумын малчид оролцож, төрөөс мал аж ахуйн талаар баримталж буй бодлого чиглэл, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл сонслоо. Үүний дараа малчид санал бодлоо хэлсэн юм. 


Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээг өргөтгөх, сурталчлах зорилгоор аймгийн хэмжээнд “Булганд үйлдвэрлэв”. “Айрагийн баяр”, “Airag day” арга хэмжээнүүдийг жил бүр зохион байгуулж, улсын хэмжээний “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаанд малчдыг өргөнөөр хамруулж хэвшсэн.

 

Мөн "Шинэ хөдөө" төслөөс 16 сум  нэг тосгонд арьс, шир боловсруулах тоног төхөөрөмж нийлүүлсэн бөгөөд энэ онд Рашаант, Баяннуур, Дашинчилэн, Баян-Агт сумуудад арьс, шир боловсруулах цех байгуулагдаад байна. 

Related news