БУЛГАН: "Айраг фестиваль"-ийг гаднын 200 орчим жуулчин үзэж сонирхжээ

ФОТО МЭДЭЭ
bulgan@montsame.gov.mn
2025-08-10 18:08:56

Булган, 2025 оны наймдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. "Айраг фестиваль" энэ сарын 8, 9-ний өдрүүдэд Булган аймагт боллоо.  Юнескогийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвд бүртгэгдсэн тус фестивалийг гаднын орны 200 орчим жуулчин үзэж сонирхжээ. Тухайлбал, БНСУ-ын Сонжү мужийн зөвлөлийн гишүүн Ким Чен Сик тэргүүтэй зочид, Буриад улсын Закамень аймгийн дарга С.В.Гонжитов нарын тухайн улсын зочид, Япон улсаас сайн дурын 27 ажилтныг дурдаж болох юм. Тэд наадмын үзэж сонирхон, адуутай, айрагтай, өв түүхтэй наадмаар бахархаж буйгаа илэрхийлж байв.  

 

Айраг исгэх зан заншил, эртний уламжлалыг соёлын биет өв хэлбэрээр тээж, түгээн дэлгэрүүлж буй малчид адуучдыг хамруулан 16 дахь жилдээ зохион байгуулж байна. Наадмыг зохион байгуулснаар жилээс жилд нутгийн иргэдийн оролцоо сайжирч тэр хэрээр малчин өрхийн орлогыг дэмжих, адуу, айргаар төлөөлөх соёлын өвийг олон улсын тавцанд сурталчлах, байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэлбэрээр аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг давуу талууд бий болж байгаа юм.  


Энэ үеэр хүчит бөхийн барилдаан, хурдан морьдын уралдаанаас гадна "Дэмбээ, Сайн уу хө", "Айраг хэн сайн уух вэ", морины цол дуудах уралдаан, хамгийн сайн айраг, шилдэг хөхүүр, уурга шүүрэх зэрэг олон төрлийн сонирхолтой тэмцээн уралдаан болдог.