БАЯН-ӨЛГИЙ: "ХУРДАН" киоск машины хүртээмж нэмэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-01-15 11:26:46

Өлгий, 2024 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэс нь "Гэрэгэ киоск" компанитай хамтран төрийн цахим үйлчилгээний "ХУРДАН" киоск машины хүртээмжийг нэмэгдүүлж байна.


Одоогоор тус аймгийн Өлгий, Улаанхус, Цэнгэл, Ногооннуур сумын ЗДТГ, аймгийн Татварын хэлтэст "ХУРДАН" киоск машин байгуулж, иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа. Мөн саяхан Өлгий сумын 6, 9, 10 дугаар багийн нутаг дэвсгэрт болон Авто тээврийн төвд киоск машин нэмж тавих гэрээ байгуулжээ.


Харин бусад сумуудын хувьд Орон нутгийн хөгжлийн сангаас тодорхой хэмжээний хөрөнгө хуваарилж тухайн онд төрийн үйлчилгээний цахим машинтай болох зорилт дэвшүүлж байна.


Ташрамд сануулахад, иргэд "ХУРДАН" киоск машинаас улсын бүртгэлийн бүх төрлийн үйлчилгээ авах, татвар, шүүхийн тэмдэгтийн хураамж, торгууль төлөх, жолооны үнэмлэх, хот хоорондын автобусны билет захиалах үүрэн холбооны нэгж, дата авах, төлбөр төлөх зэрэг 60 байгууллагын 600 гаруй үйлчилгээг түргэн шуурхай авах боломж бүрдээд байгаа ажээ. 

Related news