ӨМНӨГОВЬ: Ханбогд хайрхныг байгалийн музей гэж эрдэмтэд нэрлэдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-12-19 15:34:43

Даланзадгад, 2023 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол үндэстэн эрт үеэс алсаас бараатай өндөр хайрхан уулаа “Хан” хэмээн эрхэмлэн дээдэлж иржээ.

 

Харин Богд гэдэг үг нь эзэн хаан буюу тод, томруун,  ариун гэгээн гэсэн утгыг илэрхийлдэг. Иймээс Ханбогд хайрхан нь өндөр сүрлэг, өгөөмөр баян гэсэн агуулгыг шингээсэн уул юм.

 

Ханбогд сумын төвөөс 35 километрт, Монгол Алтай нурууны төгсгөл үзүүр Галбын уулсын дунд оршдог далайн түвшнээс 1541 м өргөгдсөн, эргэн тойрондоо байгалийн үзэсгэлэнт Алтангэрэлийн дугуй, Хаалгын таг, Үүдэт, Човгын агуй, Чингисийн уурганы нүх, Зуун модны ам зэрэг газартай.

 


Уулын орчимд Чингисийн морины уяа, зогсоол сүүдрэвч хэлбэртэй хадан цохио, уургаа тулж мориндоо мордсон газар гэгддэг ууганы нүх зэрэг газрыг говийнхон эртнээс хүндэтгэж ирсэн.


Тухайн хайрхныг тойрсон 108 рашаан булаг, 108 цагаан овоо байдаг нь ус агаар нь ариун тунгалаг, хөрс, шороо нь эрдэнийн шинжтэй гэдгийг илтгэдэг.

 

Ханбогд хайрхан нь Монголын “Богд” нэртэй 300 уулын нэг юм. Ханбогд хайрхныг эрт үеэс тахиж шүтэж байсан уламжлалт ёсыг дахин сэргээснээр Ханбогд сумын ИТХ, ЗДТГ, орон нутгийн иргэдтэй хамтран 1993 оноос эхлэн тахилгын ёсыг хийж эхэлжээ.

 

Хайрхны эзэн савдаг нь “Цагаан тэмээ унасан ногоон торгон дээлтэй үзэсгэлэнт бүсгүй лимбэ үлээж байх бөгөөд тэмээний бөхөндөө хурганы уут зүүсэн, уутан дотроос нь аргалын хурганы толгой цухуйсан байдаг” гэж домоглодог нь Галба нутагт хүн малын дуу тасрахгүйгээр үргэлж мөнхөд өсөн үржиж байхын бэлгэдэлтэй гэж үздэг бөгөөд Ханбогд хайрхнаа есөн гайхамшгийн нэгээр тодруулжээ.

 


Ханбогд хайрхны орчимд 100 гаруй төрлийн ургамал ургадаг бөгөөд түүний дотор галбарваасан, цагаан зандан ургадаг байжээЗүүн талд нь бэсрэг гурван хар овоо байх бөгөөд түүнийг Ханбогд хайрхны гурван түшмэл гэж нэрлэдэг.


Үзэсгэлэн төгс энэ уулыг “Байгалийн музей” гэж эрдэмтэд нэрлэдэгГовийн V ноён хутагт XIX зууны их соён гэгээрүүлэгч Данзанравжаа энэ сайхан уулын дэргэд Галбын гурван хийдээ босгож амьдран суухдаа Ханбогд хайрханд зориулж “Гайхамшигт галба” магтаалаа туурвин ая хийж зон олон дуулж хуурддаг байсан түүхтэй. 


Related news