ӨВӨРХАНГАЙ: Олон улсын сэтгүүлчид аймгийн уур амьсгалын өөрчлөлтийг сурвалжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-10-25 13:13:00

Арвайхээр, 2023 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Хүүхдийг Ивээх сангийн урилгаар Монгол Улсад хүрэлцэн ирсэн Олон улсын сэтгүүлчид Өвөрхангай аймгийн Арвайхээр, Сант, Уянга, Хархорин суманд ажиллаж байна.

 

Багийн бүрэлдэхүүнд АНУ-д төвтэй Huffpost, Их Британид төвтэй The Guardian, Европын Arte, Францын France 24 болон Австралийн ABC News зэрэг дэлхийд нэр хүндтэй хэвлэл мэдээллийн байгууллагуудын сэтгүүлчид багтсан бөгөөд Монгол дахь уур амьсгалын өөрчлөлтийг сурвалжлах юм.

 

Энэ хүрээнд аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Ганболд болон холбогдох мэргэжилтнүүдтэй уулзалт хийж, Өвөрхангай аймгийн уур амьсгалын өөрчлөлтийн талаар санал солилцлоо. Тус аймаг уур амьсгалын хувьд эрсдэл ихтэй бүсэд оршдог бөгөөд хуурайшилт их, цөлжилт идэвхтэй явагдаж байгаа ба 1975 оноос хойш аймгийн цаг уур 2.4 градусаар нэмэгдсэн байна.



Сэтгүүлчид хур тунадас хамгийн бага ордог, цөлжилт ихтэй Сант суманд ажиллаж, малчдын амьдралтай танилцах ба Хархорин суманд сурвалжилгаа үргэлжүүлж, ХИС-аас хэрэгжүүлсэн бичиг үсгийн боловсролын төсөлд хамрагдсан багш, сурагчидтай уулзалт хийнэ. Тэд уур амьсгалын өөрчлөлт нь малчдын амьдралд хэрхэн нөлөөлж байгаа, түүнийг сааруулах чиглэлээр хэрхэн хариу арга хэмжээ авч байгааг сурвалжлан дэлхий нийтэд түгээх юм. 

 

Хүүхдийг Ивээх сан нь хөгжлийн болон хүмүүнлэгийн хосолсон үүрэгтэй бөгөөд 1999 оноос Монгол оронд тохиолдсон зудын, үерийн гамшгийн нөхцөлд хүмүүнлэгийн яаралтай тусламж, эрт үеийн сэргээн босголт, эрсдэлийг бууруулах чиглэлээр санхүүжилт босгон, зуд, үерийн гамшигт хамгийн хүнд нэрвэгдсэн аймаг, сумд, малчин өрхүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна.

Related news