“Түмэн газрын цайны зам” маршрут гаргаж, хамтын ажиллагааны төлөвлөгөөг батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-10-11 15:42:24

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Монгол, Хятад, Орос гурван улсын аялал жуулчлалын сайд нарын VII хурал БНХАУ-ын Ухань хотод энэ сарын 10-нд болж, хэд хэдэн асуудлыг шийдлээ.


Тухайлбал, “Түмэн газрын цайны зам”-ын хил дамнасан аялал жуулчлалын маршрут байгуулж, сурталчлах, хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталж, Монгол, Хятад, Оросын аялал жуулчлалын сайд нарын VIII уулзалтыг 2024 онд ОХУ-д зохион байгуулахаар талууд санал нэгдлээ. Мөн хамтын ажиллагааг бэхжүүлж, механизмыг сайжруулах, гурван улсын ард түмний нөхөрлөл, харилцан итгэлцлийг нэмэх талаар санал солилцсон байна. 


“Түмэн газрын цайны зам”-ын хил дамнасан аялал жуулчлалын маршрутын бий болгож сурталчлахын тулд гурван улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр туршлага солилцож, маршрутын дагуу дэд бүтцийг оновчтой болгож, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг сайжруулж, брэндийг олон улсад сурталчлан, нэр хүндийг нэмэх шаардлагатайг талууд онцоллоо.



Түүнчлэн, Гурван талт гурван улсын аялал жуулчлалын захиргааны газар, аялал жуулчлалын холбоо, байгууллагын солилцоо, хамтын ажиллагааг эрчимжүүлэх гурван талт ажлын хэсэг байгуулахаар тохиролцсоныг БОАЖЯ мэдээлэв.


Уулзалтад Монгол Улсын БОАЖ-ын дэд сайд М.Ганбаатар, БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын дэд сайд Ду Жян, ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Дмитрий Вахруков тэргүүтэй төлөөлөгчид оролцжээ.

 

Related news