“ChatGPT” чатбот сонсож, харж, ярьж сурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2023-09-27 12:23:35

САН-ФРАНЦИСКО. /openai.com/. Машин сургалтад суурилсан технологи хөгжүүлэгч Америкийн “OpenAI” компани “ChatGPT” чатботдоо гурван том шинэчлэл хийжээ. Ингэснээр уг нейроны сүлжээ нь хүмүүсийг сонсож, тэдэнд дуу хоолойгоор хариу өгч чаддаг болжээ. 


Сонсох

“ChatGPT” нь хэрэглэгчийн бичилгүйгээр микрофоноор тавих асуултуудад хариулж сурсан байна. Энэ функцийг уг чатботын гар утасны программ дээр ашиглах боломжтой.


Дуу хоолой

Одоо “ChatGPT” нь хэрэглэгчдэд текст хэлбэрээр төдийгүй дуут хэлбэрээр хариулах боломжтой. Энэ функцийг идэвхжүүлэхийн тулд чатботын гар утасны программын  Тохиргоо > Шинэ программын функцүүд > Дуут хариулт гэсэн хэсгийг сонгоно. 


Нийтдээ 5 дуу хоолойтой болсон байна. Тодруулбал, эмэгтэй хүний хоёр, эрэгтэй хүний хоёр,  аль ч хүйсний бус дуу хоолойтой болжээ. “ChatGPT”-ын дуу хоолойг киноны дуу оруулагч мэргэжлийн жүжигчид хийсэн байна. “OpenAI” -ийн хөгжүүлэгчид яриаг текст болгон хувиргахад "Whisper" технологийг ашиглажээ. 


"Нүд"

“ChatGPT” нь хүний бас нэг мэдрэхүйтэй болсон нь харах чадвар юм. Тухайн хэрэглэгч нейроны сүлжээнд зураг илгээх боломжтой бөгөөд чатбот түүнд дүн шинжилгээ хийх аж.


Зарим хэрэглэгч дээрх шинэ функцүүдийг аль хэдийнэ ашиглаж эхэлсэн бөгөөд удахгүй бүх хэрэглэгчдэд нээлттэй болно. Эдгээр функцийг ашиглахын тулд “ChatGPT Plus” захиалагч байх ёстой (сард 19.99 ам.долларын төлбөртэй). Гэхдээ дуут чат нь зөвхөн “Android” ба “iOS”-д зориулсан чатботод ажилладаг байна.





Related news