ӨВӨРХАНГАЙ: Э.Дагийрааз: Алимыг нэг бутнаас 50 литрийн саваар дүүрэн хураадаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-09-19 10:49:48

Хархорин /МОНЦАМЭ/. Хархорины хөрсөнд алим, тоор, лийр, интоор, чавга гэхчлэн жимсний төрөл бүрийн сортыг тарьж нутагшуулж байгаа Э.Дагийразтай уулзаж ярилцлаа. Түүний жимс, жимсгэний аж ахуйд зөвхөн алим гэхэд хүрэн хамбан цэцэг ургуулдаг гоёлын алим, хагас, бүтэн одой алим гэхчлэн 20-иод сортын 50 гаруй алимын мод нутагшин ургаж байна.

Жимс жимсгэнээс гадна мөнгөлөг улиас, улаан, ногоон агч, сарнайн бут, цагаан, ягаан цээнэ зэрэг нүд хужирласан маш олон төрлийн мод бут ургаж байгаа юм.


- Хэзээнээс жимс, жимсгэний аж ахуй эрхэлж эхлэв. Тодруулбал, ямар төрлийн жимсний модод тариад байна вэ?

- Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаад өөрийн хоббигоор нутагтаа жимс, жимсгэний аж ахуйг байгуулах зорилго тавьж 2014 онд шилжиж ирсэн. Энэ есөн жилийн хугацаанд Монголд ургаж болох бүх төрлийн жимсний модыг тарьж нутагшуулах,  байгаль, цаг уурын нөхцөлд дасгаж, хучилт хамгаалалт хийхгүйгээр ургуулах гэж туршиж үзлээ.


Одоогоор 200-гаад төрлийн мод, бутыг тариад байгаа. Хар, улаан интоор, чавга интоорын гибрид, хар, улан, цагаан үхрийн нүд, паркийн сарнай, нохойн хошуу, чацаргана, бэсрэг болон торниун алим, рянатка, чавганы сортууд, лийр, гоёлын мод тарьсан. Анх тарихдаа хэзээ идэх юм болдоо гээд бодож л байсан. Одоо ургацандаа даруулаад, жимсээ ургах тусам “кайф” авч баярлаад байж байна.




-Хархорин сум цаг агаарын хувьд харьцангүй хүйтэн шүү дээ. Ийм нөхцөлд ховор, нандин жимснүүдийг хучихгүйгээр тарьж ургуулж байна. Нэлээн арчилгаа, хичээл зүтгэл шаардах байх даа.

-Эхний хоёр, гурван жил нэлээн сайн арчилгаа хийнэ. Байнга усална. Нутагшуулахын тулд хүүхэд шигээ л бөөцийлнө дөө. Хөрсөндөө дасан зохицоод хүчээ аваад ургаад эхлэхээрээ арчилгаа шаардах нь багасаад жимсээ сайн өгөөд эхэлнэ. Хамгийн их арчилгаатай нь лийр, чавга. Алимын мод таван нас хүрээд жимсэлдэг бол лийр долоон жил болж байж жимсээ өгнө. Оросын Сибирийн хүйтэнд тэсвэртэй сортууд болохоор бас учиртай. Би анхнаас нь бордоо хийгээгүй, зөвхөн бууцаар бордож тарьсан. Хор цацдаггүй. Цэвэр, байгалиараа ургаж байгаа болохоор шавж хорхойнд  идэгдэх гээд байдаг.


-Та тэс өөр зам гүүрийн мэргэжилтэй юм байна. Гэхдээ ийм аж ахуйг хөгжүүлэхэд суурь мэдлэг байсан л болов уу?

-Багаасаа өвөөгөө дагаж өвс ногоотой ноцолддог байсан. Аав, ээж хоёр маань ч сангийн аж ахуйд трактор, комбайн барьдаг, тэнд насаараа ажилласан болохоор хүүхэд байхаасаа л эко орчин, мод бутанд хайртай болсон.

Дээр нь ном сонин, сэтгүүл уншиж мэдээлэл, зөвлөгөө авна. Энэ чиглэлээр ажилладаг хүмүүсээс асууна. Ингэж л өөртөө туршлага хуримтлуулж, өөрийн сонирхлоор л ажиллаж байна.




-Аж ахуй эрхлэхэд хүн хүч их дутагддаг. Танайх ажиллах нөөц хэр вэ?

-Гэр бүлээрээ л ажилладаг. Мод бут тарихад хамгийн чухал нь усалгаа учраас тэр үед аав ээж, гэр бүлийнхээ тусламжийг авна.


-Борлуулалт хийдэг үү. Жилд ер нь хэд орчим кг жимс авдаг бэ?

-Эхний жилүүдэд өөрсдөө ч, ирсэн хүмүүс ч амталгаа хийгээд дуусдаг байсан бол жимсний ургалт харьцангүй нэмэгдээд сүүлийн хоёр, гурван жилээс борлуулалт хийж байна. Цэвэр, органик жимс учраас хүмүүс их авдаг. Хар интоор нэг модноос 20 орчим литр гарч, жилдээ 100 орчим кг жимсгэнэ хурааж авдаг. Алимыг бол хэр хэмжээгээр ургасныг тооцож үзээгүй. Ямар ч байсан нэг бутнаас 50 литрийн сав дүүрэн түүгээд байдаг юм.

Би ерөнхийдөө нэг сортны жимсний модыг хоёроос илүү суулгадаггүй. Мөн эх модоо сайн ургаад ирэхээр нь мөчир дээр нь залгаа хийдэг. Өрөл жимсний модонд алим, лийрний мөчир залгах гэх мэтээр туршиж үзэж байна.




-Жимсний мод тарихыг хүсч байгаа иргэдэд зөвлөгөө өгөөч?

-Хар шороо, бууц, элс гээд орц найрлагаар нь холиод анх тарьж байсан. Яваандаа жимсний мод ургаад хөрсөндөө дасаад ирэхээр нь ойр орчмын үндэс, сүрлийн ялзмагтай шороог бууцтайгаа холиод хийчихдэг. Зэрлэг өвс, сүрлийг нэг газар хураагаад өнжүүлчихээр хар шороо шиг болчихдог юм. Тэр л их сайн юм шиг санагдаад байгаа. Жимснийхээ төрлөөс шалтгаалаад нүхээ 50 см-ээс 1 метрийн диаметртэй, доошоо 60-70 см гүн ухна.


Модны мөчир аль болох бүдүүн, гол ишнээсээ 90 градус байх нь зүгээр. Их жимслүүлэхээр мөчир нь даадаггүй учраас цөөн жимслүүлдэг. Бас таналт, тайралтыг байнга хийнэ. Миний хувьд зарим жимсний модыг зоргоор нь тайралт хийхгүйгээр ургуулж үзэж байгаа.


-Цаашдынх нь зорилго юу вэ?

-Цаашдаа 30 га талбайд жимсний аж ахуйгаа өргөжүүлэх бодолтой байгаа.


-Биднийг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Ургац нь арвин байг ээ.

Related news