БАЯН-ӨЛГИЙ: 404 мянган толгой малыг зах зээлд нийлүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас гаргасан судалгаагаар энэ жил тус аймгийн малын тоо хавар гарсан төлийг нэмээд 2 сая 702 мянган толгойд хүрсэн.
Үүнээс 277 мянга орчим толгой малыг хүнсэнд хэрэглэх бол 404 мянган толгой малыг зах зээлд нийлүүлнэ гэж тооцоолжээ. Эдгээрийг хасахад 2023-2024 оны өвөл аймгийн хэмжээнд 2 сая 21 мянган толгой мал өвөлжинө. Өвөлжих малын тоо өмнөх оныхтой харьцуулахад 568 мянгаар бага байна.
Цэнгэл суманд хамгийн олон буюу 287,5 мянга, Ногооннуурт 234,4, Улаанхуст 192,8, Толбод 188,3, Дэлүүнд 181,8, Сагсайд 173,3, Алтайд 135,5, Баяннуурт 132,5, Алтанцөгцөд 126,3, Булганд 116,8, Бугатад 107,7, Буянтад 95,5, Өлгийд 46,7 мянган толгой мал тус тус өвөлжих аж.
Малын тоо буурахад өнгөрсөн хавар 97 мянга орчим толгой мал хорогдсон, уулархаг
бүс нутгуудаар өвс ногооны гарц тааруу тул өвөлжилт хүндэрнэ гэсэн сургаар иргэд
малаа зах зээлд олноор нийлүүлж байгаа зэрэг хүчин зүйлс нөлөөлснийг мэргэжлийн
хүмүүс хэлж байна.