БАЯН-ӨЛГИЙ: "ХУРДАН" цэгээс 5948 иргэнд төрийн үйлчилгээ үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-08-17 08:28:13

Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ЗДТГ нь Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газартай хамтран төрийн үйлчилгээний “ХУРДАН” цэгийг өнгөрсөн дөрөвдүгээр сард Өлгий хотод анх нээсэн.


Тус цэг нь үйл ажиллагаагаа эхлүүлсэн цагаасаа хойш өнөөдрийг хүртэл давхардсан тоогоор 5948 иргэнд төрийн үйлчилгээ үзүүлсэн байна. Үүнээс 58 хүн гадаад паспорт, 85 иргэн жолооны үнэмлэх, 65 хүн иргэний үнэмлэх захиалж, гадаадын 378 иргэнийг бүртгэсэн аж. Үлдсэн нь төрөл бүлийн лавлагаа, тодорхойлолт гаргах зэрэг үйлчилгээнүүд байна. 


Иргэд ХУРДАН” цэгээс лавлагаа, тодорхойлолт авахаас гадна гадаад паспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх захиалах, солих, нөхөн олгох, тээврийн хэрэгслийн торгууль, төлбөр төлөх гэх мэт 39 байгууллагын нэг буюу хоёр шатлалт 440 гаруй үйлчилгээг нэг дороос авах боломжтой.


Одоо Өлгий хотод Төрийн үйлчилгээний нэгдсэн төв, Өлгий сумын ЗДТГ, Авто тээврийн төвд "ХУРДАН" цэг ажиллаж байгаа.


Баян-Өлгий аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Х.Ардаханы өгсөн мэдээллээр цаашид тус аймагт төрийн үйлчилгээний 18 цэг нээхээр төлөвлөж байна. Үүний зургаа нь аймгийн төвд үйл ажиллагаа явуулах ажээ.
 

Related news