ХОВД: Жолооч нар дөрвөн хүүхэдтэй залуу гэр бүлд гэр бэлэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-06-02 10:01:54

Жаргалант /МОНЦАМЭ/. “Ач буян трэвел" ХХК-ийн хамт олон, жолооч нар 4 хүүхэдтэй залуу гэр бүлд өргөө цагаан гэр бэлэглэлээ.    

Хот хоорондын зорчигч, шуудан тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлдэг “Ач буян трэвел" ХХК нь 20 жилийн ойн баяраа тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд олон талт үйл ажиллагаа зохион байгуулж байна.

Энэ удаа тус компанийн ажилтнууд буюу Ховд аймгийн нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нар хөгжлийн ялгаатай (хэл яриа, сонсголын бэрхшээлтэй) залуу гэр бүлд туслах санаачилга гарган, гэр бэлэглэлээ.  

Таван жилийн хугацаанд өөрийн гэсэн гэргүй, эцэг эхийн хамт амьдарсан залуу хосууд "Ач буян тревел" ХХК болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хамт олны дэмжлэгээр өргөө цагаан гэртээ болсондоо чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

Б.Сүхбатынх 4 сартайгаас 6 насны дөрвөн хүүхэдтэй. Залуус хөгжлийн ялгаатай байдлаа бэрхшээл гэж боддоггүй, цаг үргэлж хөдөлмөрлөж, хичээн зүтгэж явна. Тэд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр тавилгатай шинэ гэр хүлээн авсан юм. 



 

 

Related news