ХОВД: Хаврын улирлын махны нөөц бүрдүүлэхэд анхаарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-12-12 14:55:22

Жаргалант, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдав.

Хурлаар хэлэлцсэн асуудлын нэг бол хаврын улирлын махны нөөц бүрдүүлэх тухай байлаа.


Судалгаагаар Ховд аймаг хаврын улирлын нөөцийн махны хэрэгцээнд жилд 300-400 тонн мах бэлтгэх шаардлагатай.

Тэгвэл одоогийн байдлаар орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд 230-250 тонн мах бэлтгэн нөөцлөх боломжтой байгаа юм. 

Иймд ирэх хаврын улирлын махны нөөцийг нэмэгдүүлэх, үнийн өсөлтөөс сэргийлэх үүднээс Ховд аймгийн Онцгой комисс мах бэлтгэн нийлүүлэх эрх бүхий компаниудтай гэрээ байгуулахаар болжээ.

Гэрээнд үхэр, хонь, ямааны мах бэлтгэн нийлүүлэх хэмжээ, зах зээлд борлуулах үнийг тодорхой тусгана. Мөн бэлтгэх махны чанар гүйцэтгэлд хяналт тавих юм.

Түүнчлэн хурлын үеэр төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл солилцож,  эрчим хүчний шугам сүлжээ, ус, дулаан хангамжаар тасралтгүй хангах, доголдол гарахаас урьдчилан сэргийлэх чиглэлийг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо. 

Related news