Өлгийнхний ундны ус бохирдолтой гэсэн дүгнэлт гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-09-09 02:50:14

Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотын энгийн худагнуудын ус их хэмжээгээр бохирдсон тухай дүгнэлт гарав.

Уг дүгнэлт Монгол-Тайванийн хүмүүнлэгийн байгууллагын дэмжлэгтэй хийсэн шинжилгээгээр гарсан байна. Эдгээр энгийн худагны дийлэнхийг гэр хорооллын айл өрхүүд ундны усаар ашигладаг нь янз бүрийн өвчин үүсгэх шалтгаан болдог байна. Уг худагнуудын эргэн тойронд бие засах газар, бохир усны цооног байрладгийн дээр хотын бохир ус цэвэрлэдэг станц ажиллагаагүй болсоны улмаас түүний орчинд амьдардаг дөрөвдүгээр багийн иргэд ихээхэн хохирол үздэг байна.

Өмнөх жилүүдэд зарим багуудад цэвэр усны шугам тавигдсан ч түүнийг айлын орон байранд хүргэх, тоолуур тавих зэрэгт багагүй хөрөнгө зардал гардаг тул гэр хорооллын ядуу өрхүүд үнэ төлбөртэй ус авахаас бэрхшээдэг явдал бас байгаа тул эдгээр бэрхшээлүүдийг даван туулахад Тайвань улсаас дэмжлэг үзүүлнэ гэдэгт иргэд итгэж байна.

Тайванийн хүмүүнлэгийн байгууллагууд тус аймгийн нэгдсэн эмнэлэгт саяхан 50 ор хандивласан зэргээр иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалахад дорвитойхон дэмжлэг үзүүлээд эхэлсэнд тус аймгийнхан талархаж байна.

Ш.Айзаря

Related news