ДУНДГОВЬ: Өөрсдөө хичээвэл гэр бүл бүхэн хашаандаа сайхан амьдрах боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-05-16 09:56:32
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Олон улсын гэр бүлийн өдрөөр Сайнцагаан сумын нэгэн гэр бүлийг онцолж байна. Энэ бол тус сумын 9 дүгээр багийн иргэн Ж.Гансүхийн гэр бүл юм. Түүний эхнэр С.Цэнгэлсүрэн. “Хашаандаа сайхан амьдарья” группийн админ, хашаагаа энгийн, эко байдлаар тохижуулж, тохь тухтай, амьдрах таатай сайхан орчныг бүрдүүлсэн гэр бүл гэдгээр нь олон хүн мэднэ. Тэдний ажилсаг, хөдөлмөрч, бусдыг уриалсан, бусдад үлгэр жишээ болсон амьдралын нь тухай гэргий С.Цэнгэлсүрэнтэй ярилцлаа.



-Танай хашааны тохижилтын талаар яриагаа эхэлье. Хашаагаа тохижуулах, цэцэрлэгжүүлэх ажлыг хэзээнээс эхэлсэн бэ?  

-Анх 2004 онд Адаацаг сумаас Сайнцагаан суманд шилжин ирсэн. Хөдөө сумаас орж ирж байгаа айлд хашаа, байр сууц гэж юу байх вэ, хадам ахынхаа хашаанд бууж, тэндээ 8 жил амьдарсан.

Дараа нь өөрийн хашаатай болж, 2012 оноос хашаандаа өөрсдийн хүчээр байшингаа барьж эхлээд 2017 онд дууссан. Түүний дараа тохижилтын ажлаа хийж эхэлсэн дээ. Анх ногоо тарих хүсэл төрж, 2015 онд хашаан дээгүүрээ гялгар уут тохоод 3 метрийн урттай, 1.5 мертийн өргөнтэй жижигхэн хүлэмж барьж, түүндээ өргөст хэмх, улаан лооль тарьж эхэллээ.

2021 онд “Эх дэлхийгээ аварья жиргээ” ТББ-ын тэргүүн Д.Наранцогт, Монгол Улсын зөвлөх агронмич С.Тунгалаг нарын зөвлөгөөгөөр анх хашаандаа мод тарьсан. Тухайн жил хайлаас голт бор, гүйлс, бүйлс, шар хуайс, агч, тэхийн шээг гээд 8 төрлийн 18 ш мод тарьж, одоо бүгд сайхан ургаж байгаа.



-Өргөст хэмх, улаан лооль тарьж эхэлснээс хойш хүнсний ногооных нь нэр төрөл нэмэгдсэн үү?

-Газрын шимийг хүртэж, амьд байгалийн сайхныг мэдрэн, түүнийхээ амтанд орсон хүн улам л дурладаг гэж боддог. Анх барьсан хүлэмжээ дараа жил нь өргөжүүлж шинээр 3.5 метрийн өргөнтэй, 5 метрийн урттай болгож, тарих ногооныхоо төрлийг нь олшруулсан. Жил бүр л төрлийг нь нэмж, туршилтууд хийсээр одоо 14 төрлийн ногоо тариалж байна. Өргөст хэмх лооль, хаш, хулуу, газрын алим, манжин, сонгино, тарвас, чинжүү гээд жил бүр нэр төрлийг нь нэмдэг. 2002 онд засварт орсон байгууллагуудын хуучин цонхыг худалдаж аваад хүлэмжээ томруулсан.

Энэ жил модныхоо тоог бас нэмсэн. Мөсөн чихэр 5, минжит булган сортын алимын 8 мод суулгалаа. Одоо хөөрхөн ургаж эхэлж байна.


-Та хоёр ямар ажил эрхэлдэг вэ, өөрсдийгөө танилцуулбал?

-Хөдөө 10 жил мал маллаж байгаад сумандаа хоёр жил амьдарч, тэгээд аймгийн төвд шилжиж ирсэн. Энд ирснээсээ хойш би 5 дугаар цэцэрлэгт туслах багш, багш, арга зүйчээр 19 дэх жилдээ ажиллаж байна. Нөхөр маань 3 дугаар цэцэрлэгт ажилладаг. Ер нь бол мужаан хүн. Манайх 2 охинтой.

Мод тарих, хүнсний ногоо тариалахын тухайд бид хоёр сонирхлоороо, бас сайхан амьдрах, эрүүл байх тэр хүсэл эрмэлзлэлдээ хөтлөгдөөд л хийдэг. Сургалтад сууж, ном уншиж, цахим орчноос суралцаж байна. Ингэж суралцахад боломж маш их байдаг шүү.



-Танай хашаа үнэхээр сайхан, тохижилт, өнгө үзэмж сайтай юм. Юмханаар юм хийж, хөдөлмөрч, бүтээлч байхын үлгэр жишээ болохоор санагддаг?

-Манайх байшин, хашаа болон бүх бүтээн байгуулалтаа өөрсдийн зураг төсөл, өөрсдийн хүчээр хийсэн. Нөхөр маань гэрийн хаалга, тавилга хмйж борлуулдаг, би өөрөө 14 наснаасаа ээж А.Ичинхорол, эмээ А.Должин нараасаа монгол үндэсний дээл, хүрэм хийх арга ухаанаас суралцан үйл хийх хорхойтон болж, олон дээл, хүрэм хийсэн дээ. Хоёр охиндоо урлагийн хувцсыг нь хийж өгдөг. Ер нь бол юм бүхнээ л өөрсдөө хийх хүсэлтэй, түүндээ ч хүрдэг гэж боддог юм.

Хашаагаа тохижуулахад тэр бүр материал худалдаж аваад байдаггүй, аль болох хямд хөсөр материал ашиглахыг эрмэлздэг. Хашаандаа зүлэг ногоо, мод  тарьж, явган хүний зам, хог ангилах хогийн сав хийж, хашаагаа сайхан өнгө үзэмжтэй байлгахыг хичээдэг.  



-“Хашаандаа сайхан амьдарья” фэйсбүүкийн группийн админ гэхээр таныг хүмүүс анддаггүй. Сошиал орчинд нэлээн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Энэ үйл ажиллагааныхаа тухай танилцуулна уу?

-Өнөөдөр манай группийн 3 жилийн ой тохиож байна. Учир нь би Олон улсын гэр бүлийн энэ өдрөөр группээ нээсэн. Өөрсдөө хичээвэл гэр бүл бүхэн хашаандаа сайхан амьдрах боломжтой, өөрсдийнхөө тарьж ургуулсан эрүүл ногоог хүнсэндээ хэрэглэх боломжтой. Модоо тарьж, хашаагаа сайхан тохижуулж сэтгэл хангалуун сайхан амьдрах боломжтой. Өөрсдийнхөө хийж бүтээсэн энэ л орчиндоо амьдарвал гэр бүл хамгийн жаргалтай.

Тийм болохоор л хүмүүс мэдээлэл солилцож, бие биеэсээ суралцаж, нэгдэж, хөгжсөн тийм л орчин байгаасай гэж хүсдэг юм. 3 жилийн хугацаанд манай групп 2600 гишүүнтэй болсон байна. Бид энэ талбарт туршлагаа хуваалцаж, мэдээлэл солилцож, хамтдаа суралцаж, бас хамтдаа нийгэмдээ тустай үйл хийж, амжилт гаргаж чадсан байна. Байгаль эхээ хамгаалах, нөхөн сэргээх үйлсэд бид хамтдаа тэмцэх нь ядаад хашаандаа сайхан амьдрахаас л эхэлнэ гэж бодож байна.

Энэ ташрамд группийнхээ гишүүдэд 3 жилийн ойн мэнд дэвшүүлье. “Хамтдаа хөгжье, хамтдаа бүтээцгээе” гэж уриалъя.

-Ярилцсан танд баярлалаа. 











Related news