БАЯН-ӨЛГИЙ: "Эрдмийн баяр" тэмдэглэх нэрээр төгсөгчдөөс төлбөр, хураамж авахыг хориглов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-05-09 13:57:06

Өлгий /МОНЦАМЭ/. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 147 дугаар тушаалаар бүх шатны боловсролын байгууллагын төгсөлтийн баярыг "Эрдмийн баяр" болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн.


Тус тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор энэ сарын 8-ны өдөр аймгийн Засаг даргын 210 дугаар захирамж гарлаа.


Захирамжаар аймгийн хэмжээний бүх шатны сургалтын байгууллагын төгсөлтийн баярыг "Эрдмийн баяр" болгон нэгдсэн журмаар хүндэтгэлийн үйл ажиллагаа хэлбэрээр зохион байгуулахыг үүрэг болголоо.


Мөн Эрдмийн баярыг тэмдэглэх нэрээр төгсөгчдөөс хуульд заагаагүй төлбөр, хураамж авах, эцэг эх, асран хамгаалагчдад санхүүгийн дарамт, хүндрэл учруулах, архи согтууруулах ундаа хэрэглэх, аялал зугаалгад гарах, олон нийтийн үйлчилгээний газарт баярын үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглов. 

Related news