БАЯН-ӨЛГИЙ: Махны үнэ 15-27 хувиар нэмэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-05-05 13:16:05

Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Статистикийн хэлтсээс гаргасан судалгаагаар энэ сарын 1-ний өдрийн байдлаар тус аймагт 1 кг үхрийн мах 12 мянга, хонины мах 13,5, ямааны мах 10,5 мянган төгрөгийн үнэтэй байна.

Энэ нь оны эхэн үеийнхтэй харьцуулахад үхрийн мах 15 хувь, хонины мах 27,4, ямааны мах 23,8 хувиар тус тус өссөн үзүүлэлт юм.

Жижиглэнгийн худалдаа эрхлэгчид махны үнэ нийлүүлэлтээс хамааран 7, 8 дугаар сар хүртэл нэмэгдэх хандлагатай хэмээн хэлж байна.

Баян-Өлгий аймгийн "Акбоар" компани өнгөрсөн намар 120 тонн, "Жайдарман" компани 80 тонн, "Азат" компани 100 тонн махыг өөрсдийн дотоод нөөц боломжоо бэлтгэж нөөцөлсөн. Үүнээс "Акбоар" компани адууны махыг 12 мянга, үхэр, хонины махыг 11 мянган төгрөгөөр тус тус борлуулж байгаа.

Харин бусад компаниуд нөөцийн махаа энэ сарын 10-ны өдрөөс худалдаж эхэлнэ гэсэн мэдээллийг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас өглөө. Нөөцийн мах бэлтгэн нийлүүлж буй аж ахуйн нэгжүүдийг зээлийн бодлогоор дэмжихээр төлөвлөж байгаа ажээ. 

Related news