Монгол, Хятадын Гадаад хэргийн сайд нар хэлэлцээ хийв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-05-02 09:56:45

БЭЭЖИН. /Xinhua/. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Чинь Ган нар Бээжин хотноо даваа гарагт хэлэлцээ хийлээ. 


Хятад, Монгол нь сайн хөрш, сайн нөхөр, сайн түншүүд гэдгийг Чинь Ган цохон тэмдэглээд, Хятад улс хоёр орны төрийн тэргүүн нарын хүрсэн чухал тохиролцоог хэрэгжүүлж, харилцан бие биеийн язгуур ашиг сонирхол, гол асуудлуудтай холбоотой асуудлаар харилцан дэмжлэг үзүүлж, улс төрийн харилцан итгэлцэл, хоёр орны ард түмний найрамдлыг бэхжүүлэхэд Монгол Улстай хамтран ажиллахад бэлэн байна гэв.


Чинь Ган энх тайвнаар зэрэгцэн орших, харилцан туслалцах, харилцан ашигтай хамтын ажиллагаагаар тодорхойлогддог нийтлэг ирээдүй бүхий Хятад-Монголын хамтын нийгэмлэгийг байгуулахын тулд Хятад улс хоёр орны хөгжлийн стратегийг цаашид уялдуулах, “Бүс ба Зам” санаачилгын хамтын хөгжлийг дэмжих, дэд бүтцээр харилцан холбогдох, уул уурхай болон бусад салбарт хамтын ажиллагаагаа сайжруулахад бэлэн байгааг илэрхийлэв.


Үүний хариуд Б.Батцэцэг, Монголын тал “Нэг Хятад” бодлогыг тууштай баримталж байгаа бөгөөд Тайванийн асуудал, Хонконг, Шинжаантай холбоотой асуудлуудыг Хятадын дотоод хэрэг гэж үздэг гэдгийг хэллээ.


Монгол Улс Хятадын “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”, “Дэлхийн аюулгүй байдлын санаачилга”, “Дэлхийн соёл иргэншлийн санаачилга”-ыг сайшаан дэмжиж байгааг илэрхийлээд, БНХАУ-тай улс төрийн харилцан итгэлцлээ гүнзгийрүүлж, бодит хамтын ажиллагааг өргөжүүлж, хоёр талын харилцааг бүс нутагтаа жишиг болгохыг эрмэлзэж байна гэв.


Талууд мөн шар шороон шуурганаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлд хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцож, тогтвортой хөгжлийг хамтран ахиулахаар тохиролцжээ. Түүнчлэн олон улсын болон бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал бодлоо солилцсон байна. 



Related news