БАЯН-ӨЛГИЙ: 127 талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-04-26 09:38:08

Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ тус аймгийн 12 сумын нутаг дэвсгэрээс 127 талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаас олгохоос татгалзлаа.


Тодруулж хэлбэл, Ашигт малтмал, газрын тоосны газраас тус аймгийн Алтай, Булган, Дэлүүн, Өлгий, Бугат, Улаанхус, Ногооннуур, Толбо, Сагсай, Алтанцөгц, Цэнгэл сумын нутаг дэвсгэрээс нийтдээ 311619 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох хүсэлт ирүүлсэн байна.


Үүнтэй холбогдуулан аймгийн удирдлагууд сумдаас харьяа нутаг дэвсгэртээ байгаа тодорхой солбицол бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих эсэх саналыг нь авч, аймгийн ИТХ-ын чуулганаар хэлэлцүүлжээ.


Аймгийн ИТХ-ын 2023 оны 173 дугаар тогтоолоор дээр дурдсан 127 талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл сонгон шалгаруулалтаар олгохоос татгалзав. Татгалзсан үндэслэлээ зөвшөөрөл хүссэн талбай нь ойн сан, усан сан бүхий хамгаалалтын бүс болон бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхацсан, сумдын ИТХ нь тусгай зөвшөөрөл олгохыг дэмжээгүй, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөхийг хориглосон хэмээн тайлбарласан байна. 

Related news