Хуулийн төсөл дэх татвар нэмэх заалтуудыг буцааж татахаар боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-09-06 17:14:43

МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж 2016 оны төсвийн тодотголд тусгасан татвар нэмэх хуулийн төслүүдийг эгүүлэн татах шийдвэр гаргасан талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат мэдээллээ.

Тэрбээр, “Төсвийн тодотголоор дамжуулж хэд хэдэн татварын зүйл заалтад өөрчлөлт оруулахаар төлөвлөж байсан. Тухайлбал, үл хөдлөх хөрөнгө, архи тамхи, алттай холбоотой татвар нэмэх асуудал оруулж ирээд байсан. Төвсийн тодотголыг Засгийн газар өргөн барьсан цагаас нийгэмд нэлээд сөрөг ойлголт явагдсан.

Ер нь өнгөрсөн дөрвөн жил төсвийн сахилга бат алдагдсан. Улс орон нэг л төсөвтэй байдаг. Гэтэл манайд улсын хэмжээнд дөрөв таван төсөвтэй явдаг болсон. Ийм байдлаас болж төсвийн алдагдал 4 их наяд төгрөг болж, түүхэнд байгаагүй хэмжээгээр тасарлаа. Иймд төсвийн алдагдлыг нөхөхийн тулд зарлага хумих зүйлсийг оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл шүүгч, төрийн өндөр, төрийн захиргааны удирдах албан тушаалтны цалинг бууруулах тухай бүлэг дээр ярьж байгаад цалин хасахгүй байх улс төрийн шийдвэр гаргасан. Ингээд цалин хасах, татвар нэмэх асуудал МАН-ын бүлгийн улс төрийн шийдвэрээр буцаагдаж байна” гэлээ.

Ч.Ариунболд

Related news