ДУНДГОВЬ: Аймгийн хэмжээнд 537,9 мянган төл бойжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-04-07 12:16:38
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн хэмжээнд мал төллөлт 41,5 хувь, төл бойжилт 99,5 хувьтай байгааг аймгийн ХХААГ-аас мэдээллээ.

Оны эхний байдлаар 1563375 хээлтэгч төллөхөөр байсан бол өнөөдрийн байдлаар 537515 нь төллөж, 537982 төл бойжиж байна. Нийт 1524 хээлтэгч хээл хаяж, 2827 төл хорогджээ.

Мал төллөлтийг төрлөөр нь авч үзвэл, хонь 46,3, ямаа 41,9, тэмээ 14,7, адуу 1,9, үхэр 9.4 хувьтай байна. Харин сумаар нь авч үзвэл Говь-Угтаал, Баянжаргалан, Цагаандэлгэр, Дэлгэрцогт, Сайнцагаан, Луус суманд мал төллөлт 50,0-аас дээш хувьд хүрч байна.



2022 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр тус аймаг 3 626 370 мал тоолуулсан бөгөөд энэ долоо хоногийн байдлаар 4634 мал хорогджээ.

УЦУОШТ-ийн гаргасан II улирлын цаг агаарын мэдээгээр 4, 5 дугаар сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, 6 дугаар сард олон жилийн дунджийн орчим байх ажээ.

4 дүгээр сард хур тунадас нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дундаас ахиу, 5 дугаар сард нийт нутгаар олон жилийн дунджаас бага, бусад хугацаанд олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.

Хаврын саруудад салхи шуурга ихтэй, хуурай байх магадлал өндөр байгаа тул хүчтэй салхи шуурганаас урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг тус байгууллагаас анхааруулсан.

Хавар цаг малчдын хувьд хамгийн хүнд, хамгийн завгүй байдаг үе юм. Мал төллөж, малын хоол, тэжээл хомсдон хариулга маллагаа их шаарддаг хэдий ч тэд ямаагаа самнан ноолуураа авч, орлого нэмэгддэг үе юм. Малчид ямаагаа самнаж эхэлж байна. Нэг кг ноолуур 120000-125000 төгрөгийн үнэтэй байгаа ба нийлүүлэлт одоогоор бага байна.  

Related news