ДУНДГОВЬ: 2022 онд сүрьеэ өвчний 22 тохиолдол илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-04-05 16:08:12
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЭМГ-аас 4 суманд сүрьеэгийн хавьтлын үзлэг, оношилгоо хийж байна. Энэ өвчин нь сүрьеэгийн савханцар гэгдэх нянгаар үүсдэг халдварт өвчин юм. Ихэнх тохиолдолд (70%) уушгийг гэмтээж, бусад аль ч эрхтнийг гэмтээж болдгоороо аюултай аж.

2022 онд улсын хэмжээнд сүрьеэ өвчний 2354 тохиолдол гарсан бол Дундговь аймгийн хэмжээнд 22 тохиолдол илэрсэн нь өмнөх оныхоос 4 тохиолдлоор нэмэгдсэн байна.  

Тус аймгийн ЭМГ-аас сүрьеэгийн хавьтлыг эрт илрүүлж, эмчлэх, тархалтыг бууруулах зорилгоор 2022 онд 9 суманд эрт илрүүлэг, үзлэг, оношилгоог хийсэн бөгөөд 2023 онд тархалт ихтэй байдаг 4 суманд ийнхүү дахин зохион байгуулж байгаа аж.  

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар дэлхийн нийт хүн амын нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэг нь сүрьеэ өвчин байсаар байгаа бөгөөд Монгол Улс сүрьеэгийн тархалт өндөртэй орны нэгд ордог байна.

Халдвар авсан иргэдийн ханиалгах, найтаах, цэрээ хаях, ярих, дуулахад ч сүрьеэгийн нян агаарт цацагдан, бохирдсон агаараар нь амьсгалсан хүн халдвар авах магадлалтай.

Сүрьеэ өвчин нь урьдчилан сэргийлэх боломжтой бөгөөд халдвар авсан тохиолдолд удаан хугацаанд эмчлүүлэх шаардлага буй. Энэ тохиолдолд эмчилгээнд орохгүй байх, эмчилгээг таслах, халдвар авсан бол өвчнөө нуух нь бусдад тараах эрсдэлийг бий болгодог ажээ.

Related news