БАЯН-ӨЛГИЙ: Аймгийн Засаг даргад дахин нэр дэвшүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-04-05 13:56:32

Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан өнгөрсөн 12 дугаар сард өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Улмаар аймгийн ИТХ-ын 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн ээлжит бус XII хуралдаанаар аймгийн Засаг даргын орлогч Х.Арманыг Засаг даргад нэр дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхий сайдад уламжилсан юм.


Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аймгийн Засаг даргад нэрийг нь дэвшүүлсэн Х.Арманы материалыг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.2 дахь хэсэгт заасан “төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан” байх шаардлагыг хангаагүй гэж буцаасан байна.


Иймд аймгийн ИТХ-ын ээлжит бус XIV хуралдааныг зарлан хуралдуулж, аймгийн Засаг даргад дахин нэр дэвшүүлэхээр болжээ.


Аймгийн ИТХ-ын зөвлөлөөс ээлжит бус XIV хуралдааны товыг хараахан зарлаагүй байна. 

Related news