УДБЭТ-ын тайзнаа анх удаа 32 хунтай "Хунт нуур" балет тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
boloroo8136@gmail.com
2023-02-10 11:42:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  УДБЭТ-ын уран бүтээлчид П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг энэ сарын 13, 14-нд тайзнаа тоглоно. Ингэхдээ анх удаа 32 хунтай тоглохоороо онцлогтой. Эл тоглолтын талаар тус театрын Уран сайхны удирдагч, ерөнхий балетмейстер Д.Дашлхагватай цөөн хором ярилцлаа.


-“Хунт нуур” балетыг Монголд анх удаа 32 хунтай тоглох гэж буй нь сонгодог урлаг сонирхогчдын анхаарлыг татаж байна. Бэлтгэл ажлаа хэрхэн хангаж байна вэ?

-Монгол Улсад дэлхийн сонгодог урлагийг таниулаад 60 жил болж байна. Иймээс ойг тохиолдуулан 32 хүнтай “Хунт нуур” бүжгэн жүжгийг тавих гэж байна. Ер нь энэхүү балетыг жил бүр тайзнаа тоглодог. Сонгодог урлагт тоглосноор балетын эмэгтэй, эрэгтэй бүжигчид мэргэжлийн түвшингээ барьж байдаг. Балетчид маань нэгдүгээр сараас өдөр бүр бэлтгэл хийж байна.

32 хун гэдэг бол дэлхийн стандарт. Дэлхийн том театруудад 32 хунтай тоглодог. Бид өмнө нь олон шалтгааны улмаас чадахгүй байлаа. Манай театрт өмнө нь 16, 24, 26 хунтай тоглодог байсан.  Монголын бүсгүйчүүдээс 32 эмэгтэй гоё болвол ард нь байгаа 32 гэр бүл гоё болно. Нэг гэр бүлд 4-5 хүн байгаа гэж тооцвол тэдний хичээл сургууль дээр байгаа хүмүүс, ах дүү нь гоё болно гээд геометрийн прогрессоор үржүүлбэл манай улсын хөгжлийг харуулна. Бид 32 хунтай балет тавьж байна гэхээр манай улс өөдөлж буйн шинж юм.


-Сонгодог урлаг хөгжсөн дэлхийн бусад хэчнээн орны театрууд 32 хунтай “Хунт нуур” балетыг тавьсан байдаг бол?

-Энэ бол том театрын чаддаг чадал юм. Оросын том том хотууд, Франц, Гранд опера, Нью-Йорк сити балет, Ла Скала зэрэг том том балетууд, хуучин социализмын үеийн Будапешт, Прагийн театр гэхчлэн мөнгөтэй театр, хүний хүч нөөцтэй театруудын хийж чаддаг ажил. Дэлхий дээр балетын компаниуд олон байдаг ч хийж чадахгүй нь зөндөө шүү дээ.  Тиймээс бид манай улс юугаараа дутдаг юм гээд чадал, зангараг зааж хийх гэж байна. 


-Та мөнгөтэй театрууд 32 хунтай “Хунт нуур” балетыг тавьдаг гэсэн. Манай театрын хувьд хөрөнгө мөнгийг хэрхэн шийдвэрлэв?

-Үнэхээр баян театр, хүний нөөцтэй, хөрөнгө мөнгөтэй театрууд хийдэг. 32 хун гэдэг 32 хувцас гэсэн үг. Балетад тоглоход нэг каски өмсдөг. Нэг каски бараг 100-аад долларын үнэтэй.  Харин өмсөж буй нэг пачки 1000-аад долларын үнэтэй. Соёлын яам бодлогоор дэмжиж байна. Театр маань ихэнх санхүүг гаргаж байгаа. Бид эхлэх л ёстой. Хэзээ нэгэн цагт эхлэхгүй юм бол цааш үргэлжлэхгүй. Манай тоглолтыг төрийн өндөрлөгүүд үзэх гээд ярьж байгаа. Ирж үзвэл бидэнд цааш хөгжихөд чадал нь бий. Гадаад яваад бид тэр бүр “Хунт нуур” балет үзэж чадахгүй шүү дээ. Тасалбар, зардал ямар үнэтэй билээ.


-Тайзнаа 32 хун бүжнэ гэхээр манай театрт хэчнээн эмэгтэй балетчин байдаг вэ. Уран бүтээлчдээ хэрхэн сонгов?

-Манай дуурийн театр 20 гаруй эмэгтэй балетчинтай. Эрэгтэй 20 гаруй гээд нийт 40 гаруй балетын бүжигчинтэй. Энэ удаа балет ирж үзэх гэж буй хүмүүст балетчин, багш, тайз гэрэл, симфони оркестр, марктенг үзвэр үйлчилгээний ажилтан гээд нийт 300-аад хүн үйлчилнэ.

Энэхүү балетыг тавихын тулд өнгөрсөн жил анх удаа Монгол Улсын балетын анхдугаар уралдаан зохион байгуулсан. Тэмцээнээс шалгарсан охидыг сонголоо. Ихэнх нь МУК-ийн охид байна. Мөн балетын хувийн сургуулиудаас сонгосон. Хүн хүч, боловсон хүчинтэй холбоотой болохоор хувь болон улсын сургууль бүгд театраа дэмжсэнээр 32 балетын бүжигчин бүрдэв. Тайзан дээр 32 хун гарна. Тэгэхээр нэг нь өвдвөл маш хэцүү. Хамгийн үнэтэй зүйл бол хүн. Бүр үнэтэй зүйл гэвэл хайр. Энэ хорвоо хайр дээр тогтож байна. Хайраас өөр юу чухал юм. Хайр хүнийг асар хүчтэй, тэмүүлэлтэй  болгодог. Тиймээс сонгодог урлагаар дамжуулан ард түмэндээ хайрыг түгээнэ.


32 хунтай “Хунт нуур” балетаас гадна манай уран бүтээлчид “Шелкунчик”, “Жизель”, “Цөмөөхэй”  гээд бусад балетдаа бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглож байгаа. Тэгэхэд манай солистууд, эмэгтэй, эрэгтэй бүжигчид ядраад, ясны бэртэл ихтэй байна. Эмэгтэй хүний хувьд балет бол дэлхий дээр биеийн болон сэтгэл санааны хамгийн хүнд хөдөлмөрт орж байгаа.


-Үзэгчдийг ямар мэдрэмж аваасай гэж хүсэж байна вэ?

-Балет бол сонгодог урлагаар дамжуулан эмэгтэй хүнийг дээдлээч ээ гэсэн уриа юм. Сонгодог урлаг хэнд ч ингэ, тэг гэж заадаггүй. Зүгээр л харж, сонсож, мэдрэх хэрэгтэй. Сонгодог урлагийг үзэх гэж буй үзэгчид заавал ойлгох шаардлагагүй. Сонгодог урлагийг үзэхэд ямар нэг хэлбэрэээр бидний эсэд ойлгогдсон байгаа. Өнөөдөр ойлгоогүй ч бидний мэдээллийн санд нэвтэрч, сайн сайханд уриалан дуудах сэдлийг өдөөж, асаасан байгаа. Ер нь хүмүүс Бах, Бетховенийг сонсоод ойлгох шаардлагагүй ч гайхамшиг юм гэдгийг мэдэрдэг. Хамгийн гол нь хүмүүс хөгжмийг сонсоод эсээрээ ариусаж байх ёстой. Урлагийн  гол зорило нь хүн төрөлхтнийг гэгээрэлд хүрэх замд нь түлхэц болох үүрэгтэй.


Манай дуурийн 32 хунтай “Хунт нуур” балетыг үзээд бид өөдөлж байна гэж нэг хүн бодвол тухайн хүн гэртээ жаргал аваачна. Тиймээс нэг гэр бүл, түүний цаана олон олон жаргавал манай улс жаргалын индексээрээ дээшээ явах байх.


-Уран бүтээлийн цаашдын төлөвлөгөөнөөсөө хуваалцана уу. Энэ жил УДБЭТ сонгодог уран бүтээл туурвиж эхэлсний ой тавдугаар сард тохионо. Ойн хүрээнд ямар уран бүтээлээр үзэгчдэдээ бэлэг барих вэ?

-Соёлын яамтай болсноор үндэсний контент хийж байна. Энэ жил “Говийн домог”, “Дангина” гээд хоёр балет ард түмэндээ толилуулах гэж байна. Мөн Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран 6 дугаар сард сонгодог урлагийн фестиваль эхлүүлэрээр төлөвлөөд байна. Театр маань сонгодог уран бүтээлийг Улсын Филармони хамтран ард түмэндээ өргөн хүрээнд танилцуулахаар ажиллаж байна.


Бид зөвхөн дэлхий дээр ганцаараа сонгодог урлаг түгээгээд байгаа юм биш. Сонгодог урлагийн нэгэн эс Монголд байгаа. Дэлхийн сонгодог урлагийн шилдгүүдийг Их театраас, Япон, Солонгос, Хятад, Италиас балетчид, дуурийн дуучид, удирдаач, хөгжимчдийг авчрахаар гэрээгээ хийж эхэлж байна. Энэ жил ард түмэндээ илүү ойртож, хүрч ажиллах зорилго тавьсан. Мөн олон шинэ дуурь, балет хүргэхээр зорьж байна. Хөгжмийн зохиолч З.Хангалын 75 насны ой энэ онд тохиож байна. Ойг тохиолдуулан үндэсний хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүдийг ард түмэндээ толилуулна. 




Related news