ХОВД: Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн гаралт 4.5 хувиар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-02-01 16:40:03

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл өнөөдөр хуралдлаа.


Хурлаар өнгөрсөн онд  хэрэгжүүлсэн ажил, 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцсэн байна. 
Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилго бүхий ажлууд Ховд аймагт шат дараатай өрнөж буй.


Өнгөрсөн 2022 оны байдлаар Ховд аймгийн хэмжээнд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг нийт 23 бүртгэгджээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 4.5 хувиар өссөн үзүүлэлт юм.


Дээрх бүртгэгдсэн гэмт хэргийн хамгийн их буюу 14 нь хууль бус агнууртай холбоотой байна. Мөн хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг 7, хууль бусаар мод бэлтгэх тохиолдол 2 бүртгэгдсэн аж.


Цаашид хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг болон хууль бус агнууртай холбоотой гэмт хэрэг зөрчлийг бууруулах, илрүүлэлтийг сайжруулахад чиглэсэн нөлөөллийн ажлыг илүү өргөн хүрээтэйгээр зохион байгуулахаар боллоо. 
Мөн иргэдийг соён гэгээрүүлэх, байгаль орчныг нөхөн сэргээх, хяналт шалгалтыг эрчимжүүлэхэд чиглэсэн олон ажлыг хийхээр мэргэжлийн байгууллагууд төлөвлөжээ. 


Related news