Ши Жиньпин АНУ-д суух шинэ Элчин сайдаа томилоогүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-01-06 15:38:24

БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин 12 дугаар сарын 30-наас тус улсын Гадаад хэргийн сайдын албыг хашиж байгаа Чинь Ганыг явсны дараа Вашингтонд суух шинэ Элчин сайдаа томилоогүй байна.


Энэ нь зургаан улс дахь Хятадын дипломат төлөөлөгчийн газрууд, мөн улс төр, бүс нутгийн холбоодын тэргүүн нарын засварласан жагсаалтаар нотлогдож байгаа бөгөөд жагсаалт баасан гарагт Хятадын ГХЯ-ны цахим хуудсанд нийтлэгджээ. 


“БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын (БХАТИХ) Байнгын хорооны шийдвэрийн дагуу саяхан хэд хэдэн дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнийг шинээр томиллоо” гэж Хятадын ГХЯ-ны мэдээлэлд дурдсан байна.


Жагсаалтаас үзвэл, Хятадын удирдлага АНУ, Бангладеш, Бразил, Коморын арлууд дахь Элчин сайд нараа, мөн Зүүн-Өмнөд Азийн орнуудын холбоо (АСЕАН) болон Европын Холбооны дэргэдэх дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарыг сольж, шинээр томилжээ. Харин БНХАУ-ын АНУ дахь дипломат төлөөлөгчийн газрын тэргүүний албан тушаал эзэнгүй хэвээр байна.


Чинь Ган 2021 оны долоодугаар сараас хойш Вашингтон дахь Хятадын Элчин сайдаар ажиллаж байв. Өнгөрсөн оны 10 дугаар сард болсон БНХАУ-ын Коммунист Намын XX их хурлын дараа тэрбээр 20 дахь удаагийн сонгуулийн Төв хорооны бүрэлдэхүүнд орж, Гадаад хэргийн сайдын албан тушаалд нэр дэвших болжээ.


БХАТИХ-аас Чинь Ганыг Хятадын Гадаад хэргийн сайдаар томилох шийдвэрийг 12 дугаар сарын 30-нд гаргасан байна. 

Related news