АНУ-ын батлан хамгаалах салбарын төсвийг баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-12-16 09:49:51

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Конгрессын Сенатын танхим 10 дугаар сарын 1-нээс эхэлсэн 2023 оны санхүүгийн жилд батлан хамгаалах салбарынхаа төсвийг 858 тэрбум ам.доллар байхаар баталлаа.


Уг баримт бичгийг 83 хууль тогтоогч дэмжиж, 11 нь эсэргүүцсэн байна. Өмнө нь энэ хуулийн төслийг АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим дэмжсэн юм. Одоо тус улсын Ерөнхийлөгч Жо Байденд гарын үсэг зуруулахаар хүргүүлнэ.


Энэхүү хуулийн төсөлд аюулгүй байдлыг хангах чиглэлээр Украинд тусламж үзүүлэхэд хамгийн багадаа 800 сая ам.доллар, ОХУ-ын эсрэг Европын тогтоон барих санаачилгад 6 тэрбум ам.доллар хуваарилахаар тусгажээ. Баримт бичигт мөн ОХУ-тай алттай холбоотой үйл ажиллагаанд хориг тавьж, цэргийн салбарт хамтран ажиллахыг хориглосон хугацааг таван жилээр сунгахаар тусгасан бол "ОХУ-тай пуужингийн довтолгооноос хамгаалах системтэй холбоотой мэдээлэл солилцоход тавьсан хоригийг байнгын болгожээ". Үүнээс гадна, Вашингтон "Хорийн бүлэг" болон олон улсын бусад  байгууллагын үйл ажиллагаанд ОХУ-ын төлөөлөгчдийг оролцуулахгүй байхыг зорьж байгааг дурдсан байна.


Түүнчлэн Ази, Номхон далайн бүс нутгийн батлан хамгаалах бодлогыг тогтоон барихад 11.5 тэрбум ам.доллар хуваарилахаар тусгажээ. Уг баримт бичигт мөн "Тайваньтай батлан хамгаалах салбарт хийж буй хамтын ажиллагааг Конгресс дэмжиж байгааг" болон 2024 онд Номхон далайд хийх “RIMPAC” тэнгисийн цэргийн сургуулилалтад Тайванийг оролцохыг урьсныг тэмдэглэжээ. Хууль тогтоогчид тус аралд зэвсэг, цэргийн тоног төхөөрөмж худалдах, цэргийн бэлтгэл сургалт болон бусад аюулгүй байдлын тусламж үзүүлэхэд зориулж таван жилийн хугацаанд 10 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөж байна.


Ерөнхийдөө АНУ-ын хууль тогтоогчдын тохиролцсон төслийн хэмжээ энэ оны эхээр Цагаан ордноос хүссэн хэмжээнээс 45 тэрбум ам.доллароор их байна.


2022 онд АНУ-ын батлан хамгаалах салбарын төсвийн хэмжээ 778 тэрбум ам.доллар байжээ. 


Related news